Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш таван сар болж буй бөгөөд энэ хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлжээ.
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан, нүүрсээ нээлттэй цахим арилжаагаар дамжуулан борлуулдаг болсноор 416.0 мянган тонн нүүрсийг 53.9 саяар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн юм байна.
Коксжих нүүрс нэг тонн нь уурхайн ам нөхцөлөөр 100-115 ам.долларын үнэтэй байсныг 55 хувиар нэмэгдүүлснээр 178.6-182.1 ам.доллар хүрсэн таатай мэдээ байна. Нийт 224,000 тонн коксжих нүүрсийг цахим арилжаагаар борлуулж орлогоо нэмэгдүүлжээ.
Эрчим хүчний нүүрс 2020 онд 9 ам.доллар байсныг найм дахин нэмэгдүүлснээр 70.3-73.3 ам.доллар болж өсчээ. Нийт 192,000 тонн эрчим хүчний нүүрсийг Ганцмод нөхцөлөөр борлуулаад буй аж.
Тус компани өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 212,000 тонн хагас коксжих нүүрс борлуулсан байдаг аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын мэдээллээр энэ онд тус компани нийт олборлосон нүүрснийхээ 30 хувийг цахим арилжаагаар борлуулахаар зорьж байна. Бүх төрлийн нүүрсийг цахимаар арилжаалах зорилт тавьсан. Цахим арилжаагаар 7.2 сая тонн нүүрс борлуулснаар 244.4 орчим сая ам.долларын нэмэлт орлого олно гэсэн урьдчилсан тооцоо ч гаргажээ.
Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ ч нэмэгджээ. Тодруулбал, 2021 онд тээврийн компаниуд 29.8 тэрбум төгрөг, 2022 онд 97.1 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн бол 2023 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 76.7 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн юм байна.