УИХ-аар сонгуулийн тухай хуулийн хэлэлцэж буй. Одоо буй хуулийн тогтолцоонд үндэслэн 76 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох зарчмыг оруулж ирсэн. Ингэхдээ 38 нь тойргоос сонгогдож, 38 нь жагсаалтаар орно гэв.
Үүний нөгөө талд нь улс төрийн намын тухай хууль хэлэлцэгдэх гэж байна. Уг хуулиар улс төрийн намын үүрэг, хариуцлага зэргийг тусгаж өгсөн. Мөн нам чадавхжих тухай зүйл заалтыг оруулж өгчээ.
Харин Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал аваад эхлэв. Ингэхдээ олон чухал заалтыг оруулахаар тусгажээ. Тэр дотроос зөвхөн гишүүдийн тоог нэмэх тухай л иргэд ярьж, улс төрчид ам уралдан улс төржүүлж байна.
Мажиратор тогтолцоо буюу жижиг тойрогт МАН ялдаг. 1992 оноос хойш болсон сонгууль бүрт МАН л ялав. Гагцхүү 2012 оны холимог сонгуулиар АН арай олон санал авч, парламентад хэт олонхи байхгүй, олон намын төлөөлөл орж ирж байлаа.
Дэвшил болсон энэхүү сонгуулийн тогтолцооноос АН-ын хэсэг улс төрчид ам уралдан муулсаар байгаад ухарч 2016 онд жижиг 76 тойрог бүхий сонгуулийн системийг оруулж өгсөн. Үр дүнд нь МАН үнэмлэхүй олонхи болж 65-уулаа УИХ-ын танхимд суусан билээ. 2020 оны сонгуулиар мөн л жижиг 76 тойрогт МАН ялалт байгуулж 62 суудлыг гартаа атгав.
Жижиг 76 тойрог буюу мажиратор системээр сонгууль явах бүрт МАН ялдаг нь батлагдчихаад байна. Цаашдаа ч тийм юм болно. Хүмүүс 8 жил улсыг удирдсан МАН-аас залхсан гэж тайлбарлаж буй. Яг үнэндээ залхсан эсэхээс үл хамаарч, хэн тойрогт нэр хүндтэй, сонгогчдод танигдсан, бас бус арга хэрэглэсэн байна. Тэр л ялалт байгуулна. Тийм хүмүүс нь МАН-д л байна. Иймээс 2024 онд жижиг тойргоор сонгууль болох юм бол МАН л ялалт байгуулна. Энэ бол амьдралын туршлагатай, ард олны үг.
Харин АН гэх улс төрийн хүчин өөрсдийгөө бас өрөөл бусдыг бодохгүй холимог тогтолцоог бий болгоод өгье гэсэн МАН-ын удирдлагын санаачилгыг нухчин дарахаар зүтгэж буй нь ирээдүйдээ хорлонтой алхам юм. Тэд олонхи болдоггүй юм гэхэд олон намын төлөөлөлтэй хүчтэй парламентийг бий болгох боломжийг устгах гээд байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг жадлахын оронд үнэхээр олон гишүүнтэй болж улс төрийн олон намын төлөөлөл парламентад ороод ирэх юм бол хуулийн хулгай арилж, чанартай, хүртээмжтэй хууль батлагдах боломж нээгдэнэ гэдгээр харах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт явах юм бол нэг намын хэт ноёрхол арилах болно. Үүний гол утга нь холимог тогтолцоо юм.