ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН V ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН V ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажиллагсдын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай юм. 2023 онд орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс “100 жил-100 сэтгүүлч” уриан дор Орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажиллагсдын V форум, Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд зөвлөгөөнийг тавдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Хэнтий аймгийн төв Чингис хотноо амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар МСНЭ, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Хан Хэнтий чуулга оролцсон юм.
Зөвлөгөөнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, ЕНБ-ийн дарга Б.Ууганбаяр, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Батчимэг, сайт хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цэсэн, зөвлөх Д.Сайнбаяр,  МҮОНРТВ, ТВ-5, C1, МNC, Малчин ТВ, tsahimtv.mn, zuv.mn, unuudur.mn, humanz.mn, Зууны мэдээ сонины сэтгүүлч, сурвалжлагч 23 хүн, 19 аймаг, МСНЭ-ийн 22 салбарын 68 төлөөлөгч, зохион байгуулагч МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс 16, нийтдээ 107 хүнийг хамрууллаа.
Энэ удаагийн форумд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 150 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй ажилтнуудаас 60 гаруй ХМБ-ын 80 гаруй хүн хамрагдлаа.
Орон нутгийн сэтгүүлчдийн V форум нь Хэнтий аймгийн 100 жилийн ой, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын 40 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой бөгөөд “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд” зөвлөгөөний үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн нийгэм, эдийн засгийн онцлогийн талаар мэдээлж, сэтгүүлч, сурвалжлагчийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Үүнчлэн АДБ-ийн Хан Хэнтий чуулга “Хан Хэнтийд тавтай морил” 90 минутын VIP тоглолтыг хүргэж ойн ажлаа сурталчлав.
Зөвлөгөөнөөр орон нутгийн Мэргэжлийн төвийн мэдээлэл, цахим сэтгүүл зүйн контент боловсруулах асуудлаар, Орон нутгийн Хэвлэл мэдээллийн салбарын менежмент, зохион байгуулагчдын зүгээс “Иргэдийн оролцоот Хэтийн Хэнтий” төслийн тэргүүн туршлагын талаар мэдээлсэн бол үргэлжлээд Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, анхаарах асуудал хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутгийн сэтгүүлчид өмнөө тулгамдсан “асуудал”-аа ярилцаж, түүнийг шийдвэрлэх арга замаа эрэлхийллээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй санхүүгийн хязгаарлагдмал байдлыг хэрхэн арилгах. Ямар арга замаар санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх талаар зөвлөлдсөн юм. Мөн боловсон хүчнийг сургах, дадлагажуулах зэрэгт шийдэл ярилцав. 
Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, МСНЭ-ийн гишүүдэд чиглэсэн нэгдсэн уриалга гаргахаар боллоо.
Өглөөний дасгал, Хэрлэн гүүрний алхалт, Чингис хоттой танилцах Эко автобусны аялал, Сумын бүжиг, “QUIZ day” танин мэдэхүй болон мэргэжлийн асуулт, хариултын тэмцээн, Орон нутгийн тэргүүнүүдийн уулзалт, Хөгжмийн зохиолч Шарав гуайн урлан үзэх зэрэг олон сонирхолтой хөтөлбөртэй орон нутгийн сэтгүүлчдийн V форум амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Орон нутгийн сэтгүүлчдийн V форум, "Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд" зөвлөгөөнийг зохион байгуулсан МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбарын хамт олон, дэмжигч байгууллагууддаа баярлалаа.