МИНА гоо сайхны эмнэлгийн эмч М.Мишээл: Эмч хүн гоё болно, хөөрхөн болно гэсэн тодорхойгүй үгсээр хуурч хагалгааг хийж огт болохгүй

МИНА гоо сайхны эмнэлгийн эмч М.Мишээл: Эмч хүн гоё болно, хөөрхөн болно гэсэн тодорхойгүй үгсээр хуурч хагалгааг хийж огт болохгүй

Хүмүүсийн хамгийн түгээмэл хийлгэдэг гоо сайхын мэс ажилбар болох давхраа, хамрын хагалгааны талаар “Мина” эмнэлгийн их эмч, захирал М.Мишээлтэй ярилцлаа.

Манайд гоо сайхны эмнэлгүүд олон болжээ. Гэхдээ яг мэргэжийн гоо сайхны эмч өөрөө удирдаж явуулдаг эмнэлэг цөөн байх. Ер нь яагаад өөрийн эмнэлгээ нээж ажиллуулахаар шийдсэн бэ?
Төгсөөд хоёр жил гаруй нэг хувийн гоо сайхны эмнэлэгт ажиллаж байхдаа өөрийн
эмнэлгийг нээе гэж шийдсэн. Гоо сайхны эмнэлгүүд олон байна. Гэхдээ ихэнх эмнэлгүүд бизнесмэн захирлуудтай, яг энэ гоо сайхны мэс заслын салбарын хүн эмнэлэг ажиллуулах нь туйлын ховор. Бизнесийн салбарын хүн бол энэ салбарыг мөнгө гэдэг өнцгөөс илүү хардаг юм билээ. Хэд нугалж болох вэ гэж л хардаг нь надад таалагдахгүй байсан.
Хүндээ чанартай үйлчилгээ үзүүлчихмээр байдаг, ийм утас ашиглавал, ийм материал
ашиглавал илүү үр дүнтэй, ийм тариа ашиглавал харшил үүсгэх эрсдэл нь бага гэдэг
талаас эмч нар хардаг ч үүнийг бизнесмэн захирлууд ойлгодоггүй. Илүү үнэтэй байна,
зардал өснө, ашиг багасна гээд илүү сайн тариа, утсыг сонгодоггүй. Тухайн хүнд харахад нэг их хүндрэл өгөхгүй, зовиурлахгүй л бол болж байна гэж захирлууд ойлгочихдог.
Тухайн бүтээгдэхүүний хугацаа богино үйлчилгээтэй, удаан үйлчилгээтэй зэргийг
бодолцлохгүй аль болох л хямд бүтээгдэхүүн сонгох гэнэ. Гэтэл хүний биед хийгдэж
байгаа мэс ажилбар, тарилгууд чанартай, харшил үүсгэдэггүй, урт хугацаанд үйлчилгээ нь хадгалагддаг, үйлчилгээ сайтай байх ёстой. Зүгээр л эдгэчихдэг, зүгээр л байдаг штээ, ялгаагүй гэсэн өнцгөөс хардаг нь мэргэжлийн хүн энэ салбарыг удирдаж , хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ эхлээд өөрөө мэргэжлийн үүднээс харж сонгож явах ёстой юм байна гэсэн бодлыг төрүүлсэн.

Мөн зарим эмнэлэг худал реклам сурталчилгаа явуулдаг. Хүнээ татахын тулд боломжгүй зүйлсийг амладаг, одуудыг ашиглаж бодит бус үр дүн харуулдаг, фотошоп ашиглаж төгс болсон мэт үр дүн харуулдаг байсан.

Хүнд ингэж хүлээлт өндөр тавьж өгөөд бодит байдал дээр үр дүн нь тэр хүлээлтэд нь хүрдэггүй. Бас шаардлагагүй хүмүүст хагалгаа санал болгож, шаардлагагүй байхад гоо сайхны үйлчилгээ санал болгодог. Тухайн хүнд үнэхээр өөрт нь хэрэгтэй мэс ажилбар, гоо сайхны үйлчилгээг л хийх ёстой болохоос үүнийг мөнгөний төлөө хийж болохгүй шүү дээ. Ингээд энэ бүхнийг хараад хувийн эмнэлэг байгуулъя, хүндээ хүрсэн, эмчийн хувьд өөртөө ч сэтгэл ханамжтай чанартай үйлчилгээг хүргэе гэж шийдсэн. Эмч өөрөө мэс заслаа хийж, өөрөө эмнэлгээ ажиллуулахад эмнэлгийн үйлчилгээний төлбөр мөнгөний хувьд ч арай төсөр. Тэнд захирал гэж хүн эмч нар авч ажиллуулаад цалин хөлсийг нь өгөөд өөртөө бас давхар ашиг орлого олох хэрэгтэй болохоор үйлчилгээний зардал тэр хэрээр нэмэгдэнэ шүү дээ. 600 мянган төгрөгөөр хийх боломжтой хагалгаа 1.200.000 болох жишээний.
Давхраа болон дээд доод зовхины хагалгаа Монголд төдийгүй, дэлхийд хамгийн түгээмэл гоо сайхны ажилбар байх. Гоо сайхны эмнэлэг бүр энэ хагалгааг хийдэг ч бодит үр дүн бүгд тийм гоё болдоггүй. Ер нь давхрааг зайдсан биш өөрийн мэт хийлгэхэд юуг эмчийн болоод тухайн хүний зүгээс юу анхаарах ёстой байдаг юм бэ?

Манайх үүдэн эмнэлэг буюу үйлчлүүлэгч тухайн өдөрт нь үйлчилгээгээ аваад харих
боломжтой мэсийн болон мэсийн бус ажилбаруудыг хийж байна. Тодруулбал, унтуулгатай мэс ажилбар хийхгүй, хэвтэн эмчлүүлэх хэсэг байхгүй гэсэн үг. Манай дээр хамгийн их хийдэг хагалгаа бол давхраа. Давхраа Монголд гэлтгүй Азийн оронд хамгийн түгээмэл мэс ажилбар л даа. Дараагийн түгээмэл хийж буй мэс ажилбар бол хамрын мэс засал. Мөн нүүр өргөх хагалгаа, хөхний хагалгаа зэрэг нь гоо сайхны хамгийн түгээмэл ажилбаруудад орно.
Давхраа хийхэд тухайн үйлчлүүлэгчийн наснаас хамаараад арга нь өөр, өөр байдаг. 21
наснаас дээш болон доош насныханд ондоо аргаар хийдэг гэсэн үг. 21 наснаас доош
бол арьсны унжилт, илүүдэл арьс бага учраас мэсийн болон мэсийн бус аргаар давхраа
хийх боломжтой байдаг. 21 наснаас дээш хүний арьс суларна, мөн тухайн хүний ажил
төрлөөс хамаараад нүдний эргэн тойрны өөхлөлт ихэссэн байдаг учир зовхи татах
ажилбарыг ихэвчлэн хавсарч хийдэг, илүү ажиллагаатай. Харин залуу арьсан дээр мэс
ажилбар хийхэд арай хялбар байдаг гэж ойлгож болно. Давхрааг сэтэлгээтэй, сэтэлгээгүй гэж хийнэ. Монгол хүнд эпикантус буюу нүдний дотор булан хэсгийн арьс зузаан том байдаг. Шинжлэх ухааны хэллэгээр Монголойд төрх буюу хоёр нүдний зай хол харагддагнь тэр эпикантус гээд арьстай холбоотой юм л даа. Энэ арьсыг зүсэх ажиллагааг сэтэлгээ гээд байгаа юм. Сүүлийн үед нүдийг илүү том болгохоос гадна нүдний цагааныг илүү том цэлгэр харагдуулах зорилгоор нүдний арын сэтэлгээг хүмүүс хийлгэдэг болсон. Мөн доод зовхины давхраа буюу нүдийг илүү тодруулах, нүүрийг илүү зөөлөн төрхтэй харагдуулах зорилгоор доод зовхинд өөх суулгах булчинг сойх ажилбарыг мэсийн болон мэсийн бус аргаар хийлгэж байна.
Зовхи татах хагалгааг бол зовхи унжсан, гунигтай төрхтэй болсон, харах талбай
хязгаарлагдсан, нүд нээхэд төвөгтэй заавал дух хөмсөгөө өргөж байж нээдэг болсон,
нүдний цацраг үрчлээ их үүссэн хүмүүст хийдэг. Эрчүүд дээд зовхио татуулах нь ховор, ихэвчлэн доод зовхио татуулж байна. Доод зовхи их унжаад уутанцар үүссэн үед хүн их овортой харагддаг. Эрчүүд маань дээд зовхио татуулбал давхраатай болчихно гэж айгаад байдаг. Гэхдээ тухайн хүндээ тохируулаад давхраа үүсгэхүйгээр, сормуусан дээр дарж ачаа болоод байгаа зовхины арьсыг авах, нүдийг сэргээх боломж бий. Хөмсөгний доогуур зүсэлт хийж дээд зовхи татах боломжтой. Ер нь хагалгаа төгс үр дүнтэй болоход эмчийн ур чадвар мэдрэмж, нэмээд үйлчлүүлэгчийн хагалгааны дараах гам чухал байдаг.

Давхраа хийлгэсэн хүмүүс давхраа маань хоёр өөр болчихлоо гэсэн үгийг хамгийн их хэлдэг. Давхраа хийлгэсэн хүн бүрт л өөр болчихсон мэт санагддаг. Гэхдээ хагалгааны
дараах зургаан сарын дотор хаван хавдартай үед нэг нүд илүү хавантай, нөгөө нүдний хаван арай түрүүлж буух зэргээс шалтгаалаад хоёр өөр харагдах талтай байдаг. Нүд
хэдий хос эрхтэн ч гэлээ хоёр нүд тус бүрдээ эдгэдэг

Бас ондоо харагдаж байгаа шалтгаан ихэвчлэн тухайн хүний нүүрний онцлогоос болсон байдаг. Хоёр нүд үл ялиг дээр, доор, наана цаана байх, хөмсөг нэг тал нь илүү өргөгддөг зэргээс болоод өөр болсон мэт санагддана. Гэтэл давхрааг хийхдээ хагас мм-ийн хэмжүүртэй шугамаар хэмжиж хийдэг болохоор алдлаа, алдлаа гэхэд 0.5 мм-ээр л алдах магадлал бий. Энэ нь бодит байдал дээр зөрүү үүсгэж, ондоо харагдах хэмжээ ерөөсөө биш. Яахав тухайн эмчийн туршлагаас шалтгаалаад давхраа хийж байхдаа хальснаас, өөхнөөс их баг хэмжээгээр авах, булчин нимгэлсэн нимгэлээгүй, сойсон, сойгоогүй зэргээс хамаараад хоёр өөр болж болдог. Гэхдээ үүнийг эхний 6-12 сардаа бол шууд хэлэх боломжгүй байдаг учир хагалгаагаа эдгэтэл хүлээх хэрэгтэй.

Мөн сэтэлгээ хийж эпикантусын арьсыг авахад сорвижилт их үүсдэг. Яагаад гэвэл тэр
арьс бол байх ёстой арьс. Хацар хамарнаасаа түрж ургасан уг арьсыг нүдийг урт болгох, хоёр нүдийг ойртуулах зорилгоор л авчихаж байгаа шүү дээ. Байх ёстой зүйлийг авчихаар хүний бие өөрөө эргээд нөхөн төлждөг. Тэгэхээр авсан арьсны эргэн тойронд сорвижилт үүсээд дахиад арьс түрээд ургах магадлалтай байдаг учраас эхний 45 хоног ойр ойрхон хянуулаад, шаардлагатай бол сорвины тариа тариулж, массаж хийж арьсыг сайн сунгаж өгч эдгээх хэрэгтэй байдаг.
Бага насанд давхрааны хагалгааг хийлгэвэл илүү өөрийн мэт болж сууж өгдөг гэсэн ойлголт хүмүүст байдаг. Энэ үнэн үү?
Давхраа нь бүрэн эдгэтлээ 6-12 сарын хугацаа ордог гэж үздэг. Давхрааг анхнаас нь том хийчихвэл жил ирэх тусам арьс наагуур нь унжсанаар, эсвэл хөмсөг доошилсноор
давхраа сууж байгаа мэт санагдаж болно. Яг тааруулаад, арьсыг авах ёстой хэмжээгээр авах юм бол нас хамаагүй л дээ.

17,18 насанд нь нэг их том бэлцийсэн, зайдсан том давхраа хийчихдэг. Тэр нь том болсон хойно нь 30 дөхөөд ч юм уу одоо л нэг сууж байна гэх хүмүүс байдаг. Одоо бол тийм том давхраа хийдэг эмнэлгүүд цөөрсөн байх. Тэгэхээр давхрааг яг л тааруулж хийх юм бол тэгж удаан бэлцгэр, зайдсан даврхаатай явахгүй.

Ер нь гоо сайхны мэс заслаар дэлхийд тэргүүлдэг Солонгост гэхэд аль болох хагалгаа хийлгээгүй мэт цэвэрхэн жижиг давхрааг хийдэг.
Ер нь бол гоо сайхны хагалгааг 18 наснаас дээш хийхийг зөвлөдөг. Гэхдээ иргэний
үнэмлэх авахаасаа өмнө, оюутан болохоосоо өмнө, гадагшаа сургуульд явахаасаа өмнө
давхраа хийлгэе гэж охидууд зорьж ирдэг л дээ. Өөрийнхөө гоо зүйд их ач холбогдол
өгдөг, магадгүй хэвийн мөртлөө түүнийгээ хэт дөвийлгөж, хүндээр тусгаж авдаг
хүүхдүүдэд ч юм уу 18 нас хүрэхээс өмнө эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр өөрт нь тохирсон давхраа хийх тохиолдол бий. Сормуус буруу
ургалттай, нүд рүүгээ байнга хатгадаг, нулимас гарч аргадаг бол сормуусыг гадагш
чиглэлтэй болгох зорилгоор хүүхдэд давхраа бас хийдэг. Гэмтэл бэртэл, түлэгдэлтийн
дараа ч юм уу нөхөн сэргээх хагалгааг хүүхдэд хийх тохиолдол бас бий.

Давхраа хийлгэхээр нүдний хараа мууддаг гэх ойлголт хүмүүст байдаг?
Нүдний хараатай бол ямар ч хамааралгүй. Хараа муудахгүй, бас сайжрахгүй. Хараа
муутай хүмүүс ч хийлгэж болно. Давхраа хийх, зовхи татах нь зөвхөн нүдний алимны
гадуур бүрхэх зовхин дээр л хийдэг мэс ажилбар юм. Нүдний алим, нулимасны сүв зэргээс хол байдаг. Хагалгааны явцад багажаараа хатгах, хөдлөх зэргээс болоод гэмтэх боломжтой. Гэхдээ тэр нь цөөн л дөө. Сэтэлгээ хийхдээ буруу газраас бэхлэх, их
хэмжээгээр арьсыг авах юм бол нүд хуурайших шинж үүсч болно. Нүд анигдахгүй байна гэх гомдол практик дээр бас гардаг. Хавантай үед үл ялиг завсартай байх нь хэвийн. Хаван буусны дараа нүд эргээд бүрэн хаагддаг болдог. Энэ бүхнийг тооцоолж байж эмч зовхины арьснаас авах ёстой.
Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд гоо сайхны мэс ажилбарт орохоор төлөвлөж буй бол
хагалгаанд бэлтгэх ажил их чухал. Нэгдүгээрт цус шингэлэх эм бэлдмэл сүүлийн 14
хоногийн өмнө хэрэглээгүй байх ёстой. Цус шингэн бол цус алдах эрсдэл нэмэгдэнэ,
хагалгааны дараа хаван хөхрөлт илүү явагдана гэсэн үг. Мэдээж хагалгааны өмнө тухайн хүний цус шингэн байна уу үгүй юу гэдгийг мэдэх боломжтой ч гэсэн зарим нэг сүлжээний цус шингэлэх бэлдмэл хэрэглэсэн үед шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй байх тохиолдол бий. Нэрийг нь хэлээд яахав. Зарим нэг сүлжээний бүтээгдэхүүнийг хоёр гурван сарын өмнөөс зогсоож байж хагалгааанд орохгүй бол тухайн бэлдмэлийнх нь үйлчилгээ нь гараагүйгээс маш их хавддаг.


Давхраа нь зохиогүй ч юм уу, таалагдаагүйгээс засуулах тохиолдол амьдрал дээр олон гардаг. Ер нь дээд тал нь хэдэн удаа давхрааны мэс ажилбарт орох
боломжтой байдаг вэ?
Хоёр, гурав дахиа, дөрөв дэхээ ч засвар хийлгэж байгаа тохиолдол байдаг. Зарим
хүмүүсийн хувьд засуулах тусам сайжирна. Мэс ажилбарт ороод таалагдахгүй
тохиолдолд хамгийн багадаа 6-12 сарын дараа дахин мэс ажилбарт орж болно гэж үздэг л дээ. Гэхдээ ингэж олон удаа орж байгаа тохиолдол маш цөөхөн л дөө. Эмнэлэг, эмчээ буруу сонгосноос, нөгөө талдаа тухайн хүн өөрөө гам дэглэмээ бариагүйгээс болоод эдгэрэлт хүссэнээр явагдахгүй тохиолдол гардаг. Ийм үед мэдээж засвар орно.
Гоо сайхны хагалгаа бол өвчин зовлон биш, эрүүл байгаа эртхэн дээр мэс ажилбар
хийдэг. Тэгэхээр эрүүл эд эрхтэн дээр олон удаа хагалгаа хийгээд байх нь тийм таатай
зүйл биш. Хагалгаа их бага хэмжээгээр л эрсдэл дагуулдаг зүйл шүү дээ. Олон хагалгаа орох тусам тухайн эрхтэний эдгэрэх чадвар улам мууддаг. Зүсээд хагалгаа хийх тоолонд тэнд нэг судас зүсэгдэж байгаа, түүнийг нь түлж тогтоон эдгээхэд мэдээж яг хуучин хэвэндээ орохгүй, хуучин шигээ цусан хангамж авахгүй гэсэн үг. Тэгэхээр
анхнаасаа эмч, эмнэлэгээ зөв сонгох нь чухал.
Мэсийн болон мэсийн бус аргаар хамрыг өндөрлөх ажилбарыг сүүлийн үед охид бүсгүйчүүд түгээмэл сонгодог болжээ. Зарим нь өөрт зохимжгүй хэт өндөр болгож хамраа өндөрлөсөн ч харагддаг. Аль болох натурал, мэс засал хийлгээгүй мэт харагдахыг гадны орнуудад чухалчилдаг болсон мэт санагддаг. Гэтэл манайд эсрэгээрээ илтэд өндөр хийлгэх жишээний. Энэ тал дээр мэргэжлийн эмчийн хувьд ямар бодолой байна? Хамар өндөрлөх хэмжээг ер нь хэрхэн сонгодог юм бол?
Ази хүмүүсийн хувьд хамрын нуруу намхан байдаг учир хамар өндөрлөх ажилбар
Монголд гэлтгүй Азид хамгийн түгээмэл хийж байна. Сүүлийн үед хамрын үзүүрийг гоё,
зөв харьцаатай шөнтгөр болгох хагалгааг сонгож хийлгэдэг болсон. Хамрын хагалгааг
сонгож хийлгэдэг хүмүүс, энэ хагалгааг хийдэг эмнэлгүүд ч маш олон болжээ. Түүнийгээ дагаад сайн, муу талууд дагаж бий болж байгаа. Өрсөлдөөн нэмэгдэж байгаа гэдэг утгаар дагаад үйлчилгээ ч сайжирч байгаа. Цөөхөн тооны эмнэлэг хийж байсан үед тэр цөөн тооны эмнэлгийн эмч нарын ур чадвар, гоо зүйн мэдрэмжийн хүрээнд л хийдэг байсан бол одоо гадаадад мэргэжил дээшлүүлсэн, ур чадвартай, гоо зүйн мэдрэмж сайтай эмч нар энэ хагалгааг хийж байна. Хүний нүүрний зөв төрхийн шугам гэж бий. Босоо таван шугам,хэвтээ гурван шугам, нүүрний алтан шугам гэх мэт гоо зүйн шугамуудыг зураачид ч ажилдаа ашигладаг. Тэгэхээр хэвийн буюу стандарт хэмжээнээс хэтэрсэн, хазайсан тохилдолд хүний нүдэнд илт тусахуйц хэмжээний хэт шөнтгөр, өндөр, урт ч юм уу харагддаг л даа. Ер нь бол тэгш хэмийг стандартыг барихыг хичээдэг. Гэхдээ зарим хүнд тэр стандартаас жаахан давсан гэмээр шөнтгөр нь зохих нь ч бий. Мөн хүн бүрт иймэрхүү дүр төрхтэй бол гоё гэсэн хэмжүүртэй. Энэ утгаар тухайн хүний хүсэлт бас чухал байдаг.
Тухайн хүн хамрын үзүүрээ урт байлгахыг хүсдэг, тэр төрх нь өөрт нь таалагддаг байж
болно. Гэхдээ зарим хүн хэчнээн урт шөнтгөр хамар хүслээ гээд тэр хүссэн хэмжээгээр
шөнтийлгөх, урт болгох боломжгүй. Хүн бүрийн нүүр амны онцлог, хамрын бүтэц, арьсны сунах чадвар зэргээс шалтгаалаад хүссэн хэмжээнд нь хүртэл өндөр болох боломжгүй байх тохиолдол гардаг. Тэгэхээр энэ бүхнийг эмч үйлчлүүлэгчтэй сайн ярилцах, ойлголцох л хамгийн чухал байдаг даа. Боломжтой болон боломжгүй зүйлсийг бодитоор сайтар хэлж өгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр гоё болно, хөөрхөн болно гэсэн тодорхойгүй үгсээр хуурч хагалгааг хийж огт болохгүй.
Хэмжээг тохирохдоо ерөнхийдөө бол өөрийнх нь хамрын хэлбэрийг зурж үзүүлж, ийм
хамрыг ийм болгох боломжтой тэмдэглэж харуулдаг. Тухайн хүний өөрийнх нь хамрын
эдүүдээр өөрчлөх боломжтой эсэх, тухайн хүний өөрийн биеийн эд хүрэлцэхгүй бол
гаднаас силикон имплант суулгаж нуруу, үзүүрийг өндөрлөнө зэргээр ярилцана. Оочийг уртасгах, духыг дугуйруулах, эрүүг уртасгах зэрэг хагалгааг гадны биет ашиглан хийдэг ажилбарууд олон бий. Гэхдээ аль болох тухайн хүний өөрийн биеийн эдийг ашиглаж хүссэн хэлбэр хэмжээнд нь хүргэхийг эрмэлздэг. Зарим тохиолдолд хамрын хагалгаанд орохын тулд хавирганы мөгөөрс, чихний мөгөөрсний эдүүдээс донор болгож авдаг. Тухайн донор хэсгүүдээс авах боломжгүй, эсвэл тухайн хүн авахуулах хүсэлгүй бол гаднын биет ашиглана.

Сүүлийн үеийн имплант материалууд хүний биед харшил үүсгэх нь маш ховор болсон. Хамар хийлгэсэн хүн диско баранд орохоор хамар нь гэрэлтдэг гээд л ярьдаг байлаа шүү дээ. Одоо бол тийм зүйл байхгүй тэмтэрч үзэхэд хүний өөрийн биетэй эдтэй их ойролцоо, харагдах байдлын хувьд ч өөрийн мэт мэдрэгддэг давуу талтай болсон.

Өмнө нь 20-25 жил болоод имплантын гадуур хатуу бүрхэвч үүсч капсулын хатуурал гэж зүйл бий болдог байсан гэж үздэг, одооны имплантуудад ийм асуудал үүсэхээ больсон буюу солих шаардлагагүй болсон. Хамрын имплантын хувьд Солонгост үйлдвэрлэсэн имплантыг ихэвчлэн ашигладаг.
Хамраа өндөрлүүлэх гэсэн юм, нөхрийнхөө чихний мөгөөрснөөс авч болох уу
гэсэн инээдтэй ч гэмээр постыг фэйсбүүкээс харж байсан?
Инээдтэй сонсогдож байгаа ч нөгөө талаас энэ нь тухайн хүний эрүүл мэндийн боловсрол муутайг л харуулж байгаа хэрэг л дээ. Ийм тохиолдол бодит амьдрал дээр ч таардаг. Хагалгаанд орно гэж тохирсон үйлчлүүлэгч нөхрөө дагуулаад, мөгөөрсийг нь авна гээд ороод ирж л байсан. Өөр хүний биеийн эд өөр хүнд таарахгүй, донор болох ямар ч боломжгүй.
Амьдрал дээр янз бүрийн л хүмүүс тань дээр үйлчүүлэхээр ирдэг байх. Гоо сайхны хагалгаанд донтсон гэх юм уу, шаардлагагүй байхад хагалгааг хийлгэх гээд байгаа эсвэл бодит үр дүнгээ хэтийдсэн үр дүн хүсээд байгаа үед үйлчлүүлэгчтэйгээ яаж ойлголцдог вэ?
Ер нь бол эмч, үйлчлүүлэгч хоёр сайн ойлголцож чадахгүй байгаа тохиолдолд гоо сайхны хагалгааг хийх хэрэггүй. Үйлчлүүлэгчийн толгойдоо үүсгэсэн дүр зураг, эмчтэй төсөөлсөн дүр зурагтай давхцаж байж хагалгааг хийнэ. Магадгүй эмчээс үйлчлүүлэгч хэтрүүлэгтэй, боломжгүй зүйл хүсэд байгаа үед тойруулалгүй шууд ярилцаж ойлголцох хэрэгтэй.
Хагалгаанд донтсон хүмүүс ирдэг л дээ. Маш жижигхэн өө сэвийг мэргэжлийн эмчээс ч
илүү олж хараад түүнийгээ амьдралд нь томоор нөлөөлөхүйц болгон төсөөлөх нь бий. Ер нь гоо сайхны мэс заслын эмч тухайн хүний сэтгэл зүйг эхлээд зөв оношлож
тодорхойлох хэрэгтэй гэж би боддог. Амьдралд нь ямар нэгэн таагүй сөрөг үйл явдал
тохиолдсоны дараа эсвэл дутуугийн мэдрэмжээ нөхөх гэж хагалгааг сонгохоор ирдэг нь ч бий. Нэг тохиолдол ярья. Хамрын хагалгаанд орохоор нэг эмэгтэй ирсэн. Хагалгааны
өмнө хэвийн сайхан ярилцаад сэтгэл зүй нь тогтвортой байсан. Гэтэл хагалгааны үед
ярилцахад салсан нөхрийнхөө хуриманд очихдоо сайхан харагдахын тулд хагалгаа хийлгэж байгаагаа хэлсэн. Энэ бол хагалгаа хийлгэх зөв шалтгаан биш л дээ. Үнэхээр
өөрийгөө толинд хараад их бага хэмжээгээр сэтгэл дундуур байдаг, нүд минь бүлцэн
онигор байна, хамар минь унжуу монхор юмаа гэх мэтчилэн бодогдоод өөрчлөөд үзэх
сэдэл төрөөд байгаа бол эмчээс ирээд зөвлөгөө авч үзэх нь зөв.
Гоо сайхны эмнэлгүүдэд, жижиг салонуудад ч ботокс, филлер зэрэг тарилгыг
өргөн хэрэглэдэг болжээ. Ер нь хүмүүс ботокс, филлер хийлгэхээр төлөвлөж
байгаа бол юуг нь харж сонголтоо хийх ёсто вэ? Хаана үйлдвэрлэсэн, аль тарилга нь найдвартай сайн байдаг бол?
Эхлээд ботокс филлерийн ерөнхий үйлчлэлийн талаар товчхон ярья. Ботокс бол булчин суллах тарилга. Амны болон нүдний эргэн тойрон, хөмсөгний голын булчин зэргийн үрчлээ үүссэн хэсэгт булчин суллах зорилгоор ботоксыг хийдэг. Ботокс хийсэн хэсгийн булчингийн үйл ажиллагаа тодорхой хугацаанд дарангуйлагдаж, тархинаас ирж буй сэрэл хүлээж авах чадварыг бууруулдаг. Ингэсснээр тархинаас хөмсөгөө өргө, зангидаарайгэсэн дохио ирлээ гэхэд тухайн дохиог тодорхой хэмжээгээр саармагжуулна. Булчингийн тухайн мэдээлэл хүлээж авах хэсэгт нь түр зуурийн хориг үүссэн гэсэн үг л дээ.
Филлер буюу коллаген дүүргэгч бол яг тухайн хэсэг газрын ховил хотгорыг дүүргэх
зорилгоор хийдэг гелэн хэлбэртэй тарилга. Ихэнх филлер нэг жилээс хоёр жилийн
хугацаанд шимэгдээд биеэс гадагшилдаг байх ёстой. Удаан хугацаанд биеэс гарахгүй
бол эргээд биед харшил төрүүлэгч болох эрсдэлтэй. Хүний биед гаднын биетийн шинж
илрээд эхэлж байгаа юм л даа. Удаан хугацаанд биед филлер байгад ирэхээр бие
өөрөө устгах гээд тэмцээд, ханиад хүрлээ гэхэд филлер тариулсан хэсэг хавдах улайх
зэргээр хариу урвалыг нэмэгдүүлээд эхэлдэг. Чанарын тухайд хамгийн сайн нь гэвэл
ботокс бол “Ботулакс”, филлер бол “Neuramis” гэсэн Солонгос бүтээгдэхүүнүүд эмч нар
дундаа нэр хүнд сайтай, үйлчлүүлэгчид ч сэтгэл ханамж өндөртэй байна одоогоор.
Энд нэг зүйлийг сануулж хэлэхэд хүмүүс хамар өндөрлөх зорилгоор утас, филлер их
хийлгэдэг.

Хэрэв тухайн хүн хамрын хагалгаанд хожим орох төлөвлөгөөтэй бол наана нь утас, филлер битгий хийлгээрэй гэж зөвлөе.

Яагаад гэвэл хагалгаа хийлгэх үед өмнөх филлер, утас бүрэн шимэгдэж хайлаагүй, эргэн тойрны эддээ сорвижилт үүсгэсэн, филлер их хийлгэснээс болоод хамрын нуруу мантгар болсон тохиолдол гардаг. Эргэж тэр бүхнийг шимэгдүүлэх боломжгүй, зарим газар зулгааж авах хэрэгтэй болдог. Тэгэхээр өмнө нь ямар нэгэн утас, филлер хийлгэлгүйгээр хамрын хагалгаагаа хийлгэвэл хагалгаа нь илүү гоё болно, эдгэрэлт ч түргэн байдаг шүү. Өмнө нь филлер, утас хийлгэж байсан хүмүүсийн хамар хагалгааны дараа үрэвсэх магадлалтай байдаг.