Аварга маань амжилт гаргаж, амьдралын шуургыг сөрж чадна аа

Аварга маань амжилт гаргаж, амьдралын шуургыг сөрж чадна аа

Тив дэлхийн тавцанд Монгол Улсынхаа далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлэн, хүндийг өргөлтөөр цэнхэр гаргийн залуусыг ардаа орхиж, аварга гэдэг алдрыг хүртсэн нэгэн бол М.Анхцэцэг. Түүний амжилтыг үнэлсэн, ирээдүйд мундаг тамирчин болохыг мэдсэн улс орнуудын зүгээс их хэмжээний мөнгө, хангамж амлан урьсан ч тэрээр эх орноосоо нүүр буруулаагүй. Харин ч бардам байж “Би эх орныхоо төлөө л төмөр өргөдөг” хэмээн хэлж байсан түүхтэй. Нуруундаа өөрөөсөө ч хүнд зүйлийг үүрч чадах тэрэнд амьдралын нэгэн хүн ачаа нэмэгдсэн байна. Түүний дүү эгчтэйгээ адил хүнд төмрийг өргөж, тив дэлхий цээжнээ төрийнхөө далбааг мандуулах хүсэлтэй нэгэн. Гэвч золгүй тохиолоор ангийнхаа хүүхдүүдийн үдийн цайнд өгөх хоол зөөж байгаад алдаж түлэгдсэн байна. 
 
Тэр цагаас хойш аваргын төрсөн дүү М.Номин-Эрдэнэ охин бүтэн жил хэвтэрт энэлэн, шаналан байгаа юм. Тив дэлхийн залуучуудын аварга М.Анхцэцэг хүнд төмрийг төвөггүйхэн өргөдөг ч гэлээ өнөөдөр тэрээр амьдралын хүнд ачаа өргөхөөр зүтгэж байна. Эрхэлж тоглон, хамтдаа өссөн бяцхан дүү нь бүтэн жилийн хугацаанд шаналан яваа нь төмрөөс ч хүнд ачаа. Түүнд бяцхан дүүгээ хөл дээр нь босгож ирэхэд 65 сая төгрөг хэрэгтэй. Үүний төлөө өдрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хандивын хайрцаг аялуулсаар байгаа юм. Өнөөдрийн байдлаар хэрэгцээт мөнгөнийхөө 70 орчим хувийг иргэдийнэхээ сайхан, халуун сэтгэлийн тусламжтайгаар цуглуулаад байгаа ажээ. 
 
Бэлтгэл сургуулилтаа ч хийж, дүүгээ асран тэтгэх аянг өрнүүлэн яваа М.Анхцэцэг болон охидуудын аав, ээж хоёр хэвтэрт буй охиноо босгохын төлөө амьдралын ширүүн шуургатай тэмцэлдсээр байна. Энэ оны сүүлчээр болон Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын төлөөх тэмцээний хүчтэй өрсөлдөгч бол М.Анхцэцэг яах аргагүй мөн. Түүнээс жийрхэж байгаа тамирчид ч олон. Тэгвэл аварга маань бэлтгэлээ хийхийн хажуугаар багийнхантайгаа хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирж, дүүгээ эмчлэх хандив цуглуулж “Тэмцээндээ ч орно, дүүгээ ч эмчлүүлнэ” гэж хэлэн урагш тэмүүлэн, ирээдүй тийш урам, зоригтойгоор алхалж байгаа юм. Амьдралын хатуу, ширүүнд хөл алдахгүй, хямарч зүрхшээхгүй зүтгэж яваа аваргын гэрийнхэн хатуужилтай, хаттай. Аав Ч.Мөнхжанцан нь Зэвсэгт хүчний дэд хурандаа цолтой, ээж Д.Мөнхчимэг нь ч бас цэргийн байгууллагад ажиллаж байгаад чөлөөндөө гарчээ. Хандивын аянаар цуглаж байгаа та бидний сэтгэлийн дэм тэдэнд улам ч их хүч өгсөөр байгаа биз ээ. Тиймээс тэд түмэн олныхоо халуун сэтгэлд талархан байгаа нь гарцаагүй. Охидын ээж Д.Мөнхчимэг хандиваар цугласан мөнгөнийхөө тайланг олон түмэндээ хүргэхээ хэлсэн байна. Мөн эмчилгээний зардлаас илүү гарвал тэр мөнгөөр Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт ганц аппарат ч болсон авч өгнө гэж ярьжээ. 
 
"Анхаагийн дүүд тусалцгаая" 3000 төгрөгийн аянд нэгдэх тун амархан. Та бүхэн охидын ээж Д.Мөнхчимэгийн нэр дээр байх Хаан банкны 5071320523, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот дансанд боломжийнхоо хэрээр дэмжлэг үзүүлэн, халуун сэтгэлээ нээхэд л хангалттай юм. 
Аварга маань амжилт гаргана, амьдралын шуургыг сөрж чадна аа.