Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хуулийн төслийн талаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд /2023-5-4/ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна.
Улс төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтнуудын эрх мэдлийг эрэмбэлж, тодорхой хязгаарлалт хийхээр хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал:
- Монгол Улсын Ерөнхийлөгч,
- УИХ-ын дарга,
- Монгол Улсын Ерөнхий сайд,
- УИХ-ын гишүүн,
- Засгийн газрын гишүүн,
- Засаг дарга /аймаг, нийслэлийн/ төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор болжээ.
Хуулийн төслийн хязгаарлалтыг үргэлжлүүлэн харвал:
- Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар,
- Үндсэн хуулийн Цэцийн гишүүн,
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,
- Улсын дээд шүүхийн шүүгч,
- Улсын Ерөнхий прокурор,
- Төрийн албаны зөвлөл,
- Монголбанк,
- Сонгуулийн ерөнхий хороо,
- Авлигатай тэмцэх газар,
- Тагнуулын ерөнхий газар,
- Цагдаагийн ерөнхий газар,
- Гаалийн Ерөнхий газар,
- Онцгой байдлын ерөнхий газар,
- Татварын ерөнхий газар,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,
- Төрийн худалдан авах ажиллагааны газар,
- Улсын бүртгэлийн ерөнхий газар,
- Нийгмийн даатгалын ерөнхий газар,
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
- Иргэний нисэхийн ерөнхий газар,
- Ашигт малтмал, газрын тосны газар,
- Үндэсний геологийн алба,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,
- Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.
Энэхүү хууль батлагдсанаар:
- улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,
- төр нь төр шиг,
- бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм.
- ирээдүйд олон улс төрч, төрийн албан хаагчдыг болзошгүй авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаална.
Цаашид:
- төрийн албыг төрлийн алба болгох,
- төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх,
- төрийн албан хаагчийн цалинг нэгдсэн системд оруулж,
- бүтээмж, үр дүнд суурилсан өндөр цалинтай,
- цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай болно гэж хууль өөрчилсний дараа гарах үр дүнг товч тодорхойлжээ.
Уг нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар улс төрийн болон төрийн албан тушаалтанд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд гэсэн хязгаарлалт байсан юм. Тухайлбал:
- төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа,
- ажил, үйлчилгээ худалдан авагч,
- төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч,
- төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байсан юм.
Тэгвэл энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр нээлттэй тендерт орох нөхцөлийг нь хязгаарлажээ. Ийм хориг хийх болсон шалтгаанаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч, төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ. Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр-иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой нь ойлгомжтой. Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрх зүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай” хэмээн онцолжээ.
Улс төрийн нөлөө бүхий албан тушаалтанд нөлөөлөх хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд:
- эхнэр,
- нөхөр,
- хамтран амьдрагч,
- хүүхэд нь хэмээн хүрээг нь хуулийн төсөлд өргөжүүлжээ.
Энэ хүрээнийхнийг:
- төрөөс
- төрийн өмчит компани,
- төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох,
- аливаа хөнгөлөлттэй зээл тусламж,
- тэтгэлэг,
- батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглосон байна.
Ийм өргөн хүрээний хязгаарлалт хийж байгаа нь хуулийн төсөлд нэр дурдагдсан албан тушаалтан, түүний тойрон хүрээлэгчдийн ёс зүй өнгөрсөн 30 жилд доройтсон болохыг гэрчлэв гэлтэй.