Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалтын чуулган энэ сард болно

Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалтын чуулган энэ сард болно

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого“-ыг хэрэгжүүлэх хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах зорилгоор "Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа" Хөрөнгө оруулалт, Хөгжлийн чуулган тавдугаар сарын 21-нд зохион байгуулагдана.

Уг арга хэмжээний хүрээнд далайд гарах гарцыг түшиглэн хамтран ажиллах боломжийг нээх, ирэх онуудад Cүхбаатар аймагт хэрэгжих төслүүдийг танилцуулахаас гадна тус аймгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, хөгжлийн шийдлүүд хэлэлцэгдэнэ.

Хөрөнгө оруулалтын чуулган нь УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын засаг дарга нар, бизнес эрхлэгчид болон бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид гээд өргөн хүрээг хамрах юм.

Мөн тус чуулганд оролцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэн тус аймагт хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч, аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүсийг өргөнөөр оролцохыг урьсан байна.