Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор гадаадын жуулчид нэмэгдлээ. Нөгөө талаас орон нутагт амьдарч буй ард иргэдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээхээр өнөөдрийн хуралдаанаас маш чухал шийдвэрийг гаргалаа. Ахмад настан, өвчтэй хүмүүс, хүүхэд нялхас орон нутаг руу нислэгээр зорчих боломж бүрдэнэ. Нөгөө талаасаа гадаадын нислэг 30 гаруй чиглэлд байсан бол 100 орчим болсон. Ганцхан "МИАТ" компани нислэг үйлддэг байсан бол агаарын тээврийн таван компани болон гадаадын 10 авиа компани нислэг хийх боломжтой болж байна.
Бид өмнө нь хувийн хэвшлийн хоёр авиа компанийг дэмжиж байсан боловч өөрсдийнх нь санхүүгийн боломжоос шалтгаалж, нислэг сэргэхгүй байна. Тиймээс "МИАТ" компани дотоодын нислэгт орж, 2-2.5 дахин нислэгийн үнэ тариф буурах боломжийг бүрдүүлнэ. Нэг удаа навигацийн орлогоос "МИАТ" компанид тодорхой дэмжлэг үзүүлнэ. Ирэх оноос бие даасан нислэг үйлдэж эхэлнэ. Захиалгат нислэгийг 2-3 аймагт хийж буй. Баян-Өлгий аймаг руу хоёр талдаа 1.7 сая төгрөг байсан бол 800-900 мянган төгрөг болно. Хөвсгөл аймаг чиглэлд 1.6 сая нислэгийн захиалгат нислэг 500-600 мянга болж буурна.