Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монголын эдийн засаг 7.6 хувиар эхний улиралд өслөө. Энэ тоо Үндэсний статистикийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан дүн мэдээгээр 7.9 хувиар эхний улиралд өссөн байна. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар улсын валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар байна. Эндээс авч үзэхэд, валютын нөөц тогтвортой, өссөн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн өсөлт үндсэндээ гадаад эрэлтээс бий болж байгаа. Улсын экспорт тасралтгүй өсч, нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн. Мөн нэмээд Оюу толгой төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байна. Энэ нь улсын эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Засгийн газар эдийн засгийг өсгөж, цар тахлын өмнөх хэмжээнд аваачна гэдэг зорилт тавьж байсан. Одоо уул уурхай, зам тээвэр, барилга гэсэн гурван салбараас бусад нь цар тахлын өмнөх хэмжээнд очсон. Ойрын хугацаанд хэвийн байдалд очих болов уу. Нэг салбар уналттай байгаа нь хөдөө аж ахуйн салбар. Өвөлжилт хүндэрч, малын зүй бус хорогдол их, шинэ төлийн тоо бага байна. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй байгаа.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд энэ жил 18 төсөл хэрэгжиж дуусгах ёстой.
Тавантолгой-Мандал-Ханги чиглэлийн авто зам, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Зэлтэр чиглэлийн 120 км зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, Хэнтий аймгийн нисэх буудлын шинэчлэл, Гашуунсухайтын төмөр замын ачилт, буулгалтын терминаль, Чойбалсан дулааны цахилгаан станцын өргөтгөл, Амгалан дулааны станцын өргөтгөл, "Эрдэнэс тавантолгой" усан хангамжийн систем, Ханги боомтын чингэлэг шилжүүлэх терминаль, хотын тээврийн шинэчлэл зэрэг төслүүд багтаж буй. Сэлбэ сэргэлтийн шинэ төслийг бас энэ ондоо хэрэгжүүлэхээр ажиллана. Бас Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын ажлыг энэ онд эхлүүлэх үүрэг чиглэлийг салбар яаманд өгсөн. Мөн "Тавантолгой" цахилгаан станцыг олон улсын тендер зарлах үүргийг сайдад нь өгсөн. Хоёр ч тендер нь амжилтгүй болсон .Үүнээс гадна Гуравдугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийн асуудлын гэрээ хэлэлцээрийг хийхээр ажиллаж байна.