Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох 7,1 км төмөр замын ажлыг эхлүүллээ. Тус боомт нь Монгол Улсын нүүрс тээврийн 48 хувийг урд хөршид борлуулдаг чухал ач холбогдолтой боомт юм. Өмнө нь зөвхөн авто замаар тус боомтоор тээвэр хийдэг байжээ.
харин 7,1 км нарийн цариг бүхий төмөр замыг барьж ашиглалтад оруулсанаар нүүрс тээвэрт томоохон эргэлт гарна гэж холбогдох албаныхан үзэж байна. Тухайлбал авто замаар жилдээ 10 орчим сая тонн нүүрсийг урд хөршрүү гарган борлуулж байна. Хэрэв төмөр зам ашиглалтад орсон нөхцөлд доод тал нь 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломж нээгдэх болно гэж тооцож буй. Ингэсэн нөхцөлд Монгол улсын эдийн засагт томоохон дэмжлэг болох юм.
Шивээхүрэн- Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт 10 дугаар сард дуусна. Дууссан даруйдаа нүүрс тээвэрлэж эхлэхээр төлөвлөгөө боловсруулжээ. Энэхүү төмөр замыг хувийн хэвшлийн Нарийнсухайт төмөр зам ХХК бүрэн хариуцах юм. Харин ашиглалтад хяналт тавьж ажиллахаар Шивээхүрэн төмөр зам ХХК ажиллана. Хувийн хэвшлийн зүгээс 207 тэрбум төгрөгийг гаргаж буй. 170 тэрбум төгрөгөөр нь 7,1 км төмөр замыг бүрэн барьж ашиглалтад оруулна. Харин үлдсэн 30 гаруй тэрбум төгрөгөөр төмөр замын ачаа тээврийн зүтгүүр, вагон зэргийг авах юм. Ингэснээр төмөр зам ашиглалтад ороод шууд тээвэр явна гэж тооцжээ.
Энэхүү төмөр зам 2008 онд баригдахаар яригдаж байжээ. МАК ХХК-ийн уурхай хүртэл баригдахаар 47 орчим км төмөр замын төсөл яригдсан байна. Гэвч төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гарч, өргөн цариг яригдсанаар энэхүү ажил зогссон байна. харин ийнхүү 15 жилийн дараа ажил хэрэг болж байна. 15 жил гэдэг бид эдийн засгийн маш их боломжоо алдсан гэсэн үг.