Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ.
Тодруулбал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 15-наас хойших хоёр сарын хугацаанд 120 гаруй байгууллагаас 695 санал ирүүлснийг танилцуулав. Үүнээс 60 хувийг нь хуулийн төсөлд тусгажээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, хөрөнгө оруулагчдын гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал чухал байна. Хөрөнгөө оруулчихаад 16 жил шүүхээр явсан хөрөнгө оруулагч байна. Тиймээс хуулийн төсөлд хөрөнгө оруулагч нарт маргаантай асуудал үүсэж гарвал энэ хуулиараа шийдвэрлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Хөрөнгө оруулагчийн маргааныг шийдвэрлэх зөвлөл байгуулна гэдгийг мэдэгдлээ.
Хөрөнгө оруулалт хийхэд элдэв саад бэрхшээл болдог зохицуулалтуудыг хүчингүй болгож байна. Дэлхийн улс орнууд бүгд хөрөнгө оруулалт татахын төлөө өрсөлдөж байгаа. Монгол Улсад хөрөнгө оруулахын тулд дансандаа 100 мянган ам.доллар байршуулна гэсэн босгыг байхгүй болгосон. Мөн төр, засгаас хийдэг төрөл бүрийн хяналт шалгалтыг багасгаж, жилдээ төрөөс хамгийн ихдээ хоёр хяналт шалгалт оруулна гэсэн зохицуулалтыг тусгасан гэв.