Асуудал шийдэж, инновац нутагшуулах төслүүд

Асуудал шийдэж, инновац нутагшуулах төслүүд

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгуулсан билээ. Энэ үеэр хотын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах,  эдийн засаг, бизнес, дэд бүтцийн шинэ боломж бий болгох 50 төслийг танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Шинийг санаачилж, ая тухыг бүрдүүлж, иргэдийн амьдралыг хөнгөвчилж, үнэ цэн бүтээж буй төсөл, хөтөлбөрүүдийг нийслэлийн зүгээс үргэлж дэмжиж ажиллах болно” хэмээн онцолж байлаа.

Гялгар уут дахин боловсруулах төсөл

Улаанбаатарт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, эко хэрэглээг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэн чухал билээ. Тэгвэл энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг "Пластик центр" ХХК нь хаягдал гялгар уутыг дахин боловсруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тодруулбал, хаягдал гялгар уутаар жорлонгийн доторлогоо, бохирын хуванцар худаг үйлдвэрлэж байна. Гэр хороолол, амины орон сууцны жорлонд ашигладаг төмөр худаг зэвэрч мууддаг бөгөөд харин хуванцар бүтээгдэхүүн нь ашиглалтын явцад зэврэхгүй, байгальд ээлтэй шийдэл аж. Тус компани өнгөрсөн оны байдлаар нийт 2800 тонн гялгар уутыг дахин боловсруулж, 45 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Дахивар хаягдал цуглуулагч автомат машин

Хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй нэг асуудал бол цуглуулах. Энэ асуудлыг шийдэхээр дахивар хаягдал хүлээн авдаг төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээжээ. Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Өнгө нэм Ви Эм”  компани өдөр тутмын хэрэглээнээс хамгийн их үүсдэг дахин боловсруулах боломжтой дахивар хаягдлыг хүлээн авах зориулалттай автомат машинаа танилцуулсан нь энэ. Тухайлбал, хуванцар савыг хүлээн авч доторх хийг нь шахан гаргаад дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд болгодог байна.

Хямд кофе “түгээгч”

Ажлын байран дээрээ хямд кофе хүссэн үедээ уух боломжийг "Энботикс" ХХК олгож байна. Тус компаниас танилцуулсан өөртөө үйлчлэх кофены автомат машин, бүрэн автомат хоолны машин нь байгальд ээлтэй инновацлаг шийдлүүдээрээ хүмүүсийн цаг завыг хэмнэх зорилготой аж. Албан байгууллага, компаниуд ажлын байран дээрээ байршуулж болох эдгээр машин нь кофе, хоол бэлдэх цагийг хэмнэж, өртгийг багасгаж буйгаараа онцлог. Ийм машинаас нэг аяга американог 3900 төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

Терминал үйлдвэр

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нэгэн шийдлийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хот руу нэвтэрдэг товчоод дээр 6-8 терминал үйлдвэр барьснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээс хүнсээ хямд, чанартайгаар нь авах боломжтой болох юм. Товчоод дээр байрласан эдгээр терминал дээр мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнийг хүлээн авч, чанар, стандарт, аюулгүй байдлыг ханган нийслэлийн дэлгүүр, борлуулагчид руу хүргэнэ. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүний нөөц тасалдах, үнэ өсөх, тээвэрлэлтийн явцад чанар алдагдах зэрэг эрсдэлээс сэргийлэх юм. Хамгийн гол нь дундын зуучлагчаар дамжилгүйгээр бүтээгдэхүүнийг нийлүүлэх учир үнэ хямд байх боломжтой аж.

Шийдэл дүүрэн “Шинэ тойрог зам”

Улаанбаатар хотын автомашин хүн амынхаа өсөлттэй уралдан нэмэгдсээр байна. Хэдэн жилийн өмнө нийслэлд өдөрт шинээр мэндэлж буй хүүхдийн тооноос ч илүү автомашин гаалиар орж ирдэг гэсэн статистик мэдээлэл гарч байв. Ийнхүү гэрлийн хурдаар автомашины тоо нэмэгдэхийн хэрээр гэртээ харихыг хүссэн нийслэлчүүд зам дээрээ түгжрэх нь ихсэв. “Шинэ тойрог зам” нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан, хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 88 км зам байх юм. Энэхүү зам нь хойд тойрог, урд хэсгийн, босоо чиглэлийн гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Их хотын ногоон булан

"Рио Тинто Монгол" компани нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн зүрхэн хэсэгт байгуулж буй ногоон паркийн төслөө танилцууллаа. Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг тэд ногоон байгууламжаар тохижуулах юм. Ирээдүйд бий болох ногоон хүрээлэнгийн 80 хувь нь ногоон байгууламж, ботаникийн цэцэрлэг, 20 хувь нь тухлах талбай буюу суух сандал, саравч, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байх юм. Ийнхүү хотын төвд олон нийтийн орон зай бий болгосноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурах, сэтгэл санаа тайван байх, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэх, нийгмийн хүчин зүйлс талаас соёлыг дэмжиж, нийгмийн ялгаатай байдал буурна.

Улаанбаатар дахь “Норд Арт”

ХБНГУ-д жил бүр болдог орчин үеийн дүрслэх урлагийн “Норд Арт” үзэсгэлэнг Улаанбаатар руу “татах” төслийг форумын үеэр мөн танилцууллаа. Соёлын аялал жуулчлалыг эрчимжүүлэх хүрээнд энэ жилийн долоодугаар сарын 28-наас есдүгээр сарын 30 хүртэл олон улсын есөн уран бүтээлчийг Монголд урих юм. Тэд монгол түүхий эд буюу боржин чулуу, төмөр дээр томоохон хэмжээний уран бүтээлүүд хийж Монголд үлдээх аж. Нийт 800 сая төгрөгийн үйлдвэрлэлийн өртгөөр дунджаар 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх уран бүтээлийг Монголд туурвиулан үлдээх, ингэснээр соёл урлагийн аялал жуулчлалыг дэмжих боломж гэж уг төслийн талаар онцолсон.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС