Үер буучлаа. Эрдэнэт хүний амь нас эрсдлээ. Энэ бүхэнд өнөөдөр хэн нэгэн буруутай гэж үзэх хэцүү. Тэр дундаа одоогийн хотын удирдлагаас буруу нэхэх ч боломжгүй.
Улаанбаатар хүн амын хэт их төвлөрөлтэй, амьдрах орчин муутай, асуудал ихтэй болж хөгжихөд үе үеийн хотын удирдлага, түүнийг сонгосон нийслэлийн иргэд бид бүгд буруутай. Ажил хийдэггүй, асуудал шийдэггүй, авлига хээл хахуул бодохоос өөрийг сэтгэдэггүй, Аль эсвэл аргацаасан гал унтраах хэлбэрээр ажлыг хийсэн дүр эсгэдэг байсан хотын удирдагыг үеийн үед сонгож, алга ташиж, худал хуурмаг бүхнийг нь өөгшүүлж ирчээд өнөөдөр бид хэнээс хэнтэй, хэрхэн хариуцлага тооцох билээ дээ.
Улаанбаатар хотын төлөвлөлт буруу, гал унтараасан аргаар явж ирсэн гэдгийг сар гаруйн хугацаанд болсон 3 удаагийн үер бэлхэн харуулаад өглөө. Орон сууцны хороолол нь усаар дүүрчихэнэ. Гэр хорооллын гудамжаар нь айл өрхийн хашаа, гэр байшин урсаад явчихана. Энэ бүхэнд буруутанг хайж бусармаг улс төр хийхээсээ илүү хотын даргыг ирээдүйгээ харсан шийдвэр гарга хэмээн элдэв янзаар шахаж ажиллая.
Тухайлбал хамгийн сүүлд буюу 2023 оны 8 дугаар сарын 5 өдөр болсон үерийн улмаас үүссэн лаг шавар зэргийг зөөх нь зөв. Гэхдээ тэр замаар дахиад үер буухгүй гэдгийг хэрхэн шийдвэрлэх вэ? Дээд талынх нь уулын усыг хэрхэн хаагуур ямар аюулгүй хэлбэрээр урсгах вэ? Үүнд ямар ажлыг яаж хийхээр төлөвлөгөө боловсруулж байна вэ? гэх мэт алсын хараатай асуудлыг нэхэж, шаардаж ажил хэрэг болгоё. Түүнээс зүгээр үүссэн нөхцлийг түр намжааж, гэр орныг нь төрөөс барьж өгөөд, өнөөх л буйран дээр нь буцаагаад үлдээчих юм бол маргааш биш юм гэхэд ирэх жил дахиад л усанд автах болно. Иймээс нэг удаагийн арга хэмжээ авах бус нэг мөр цэгцлэх арга хэмжээг авхуулая.
Гал унтараасан аргаар яваад бүтэхгүй гэдгийг байгалийн гамшиг бүр хэлээд өгчлөө Д.Сумьяабазар дарга аа. Одоо иргэдийг уйлуулаад ч хамаагүй зоригтой алхам хийх хэрэгтэй. Өнөөдөр муулуулсан ч маргааш нэр тань үлдэх болно.