Монголын аялал жуулчлал урьд хожид байгаагүйгээрээ сэргэв. Сэргэх ч гэж дээ үсрэнгүй алхам урагшлав. Монгол Улсыг гээд зориод ирдэг иргэдийн тоо эрс нэмэгдчихлээ.
Хуучин ОХУ болон БНХАУ-ын цөөн хэдэн хүн л Монголыг гэж ирээд ирсэн, ирээгүй нь мэдэгдэхгүй, аялал жуулчлалын салбарт мөнгө оруулсан эсэх нь ойлгомжгүй яваад өгдөг байлаа.
Яахав наадамтай өдрүүдэд барууны орны хэдэн хүн ирнэ. Япон улсын цөөхөн төлөөлөл бууна. БНСУ-ын хуруу дарам цөөн хүн ирнэ. Энэ мэтээр Монгол улсад ирэх гадаадын жуулчдын тоо хязгаарлагдаж байлаа.
2023 онд Монгол Улсын Засгийн газраас бодитой, дэмжлэгтэй, үр дүнтэй ажил хийсний хүчинд энэ оны эхний 7 сарын байдлаар 400 мянга орчим жуулчин хүлээн аваад байна. Нэг сая жуулчин хүлээн авах амбиц бий ч тэр тоондоо хараахан хүрэхгүй нь бололтой. Гэхдээ чамлахаар чанга атга гэж нэг үг байдаг даа. Энэ жил биш юм гэхэд ирэх жил 1 сая жуулчинг нэг жилдээ авчихаж дөнгөхөөр байна.
Монгол Улсыг зориод ирж буй, зориод ирэх гадныхан олон болжээ. Тэднийг ирэх сэдлийг төрүүлэх ажлыг БОАЖЯ болон Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран маш сайн хэрэгжүүлж, гадаадад Монгол улсыг сурталчлан таниулах ажлыг сайн хийж байна. Гаднаас томоохон нөлөөлөл үзүүлэх урлаг, соёл, нийгмийн сүлжээний одуудыг авчирлаа. Энэ бол зөв алхам. Тэдэнд таван төгрөг зарцуулах ч зөв. Зууг хаяаад мянган төгрөг ол гэдэг байхаа. Тэгэхээр хэдэн доллар зарцуулаад түүнээс илүү олох гэсэн төрийн бодлого зөв. Түмэн олон түүнд бухимдах бус алга таших ёстой.
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр аялал жуулчлалын салбарт асуудал их байна аа. Хамгийн том асуудлын нэг нь жолооч нар. Ихэнх аяллын компаниуд өөрийн гэсэн жолооч, машин тэрэг байхгүй. Тэд тэгэх ч боломжгүй. Иймээс гэрээгээр хувь хүмүүстэй тохиролцох замаар аялал хийхээр ирсэн гадны зочдоо даатгаж буй. Гэтэл жолоо мушгидаг хүн бүр аялалд явахаар болсон мэт авир гаргаж байна. Үг хэл, үйлдэл бүхэн нь өнөөх л ОРК зангаараа. Хар яр яриатай, хэр үнэртүүлсэн, тоос шороо болсон хувцастай. Машиндаа тамхи баагуулж, утсаар чанга чанга чарлаж ярих нь энүүхэнд. Аялал жуулчлалын салбарт түр ажиллахдаа ч зөвшөөрөл авдаг. Тэрхүү зөвшөөрөл нь тодорхой стандартыг мөрдүүлдэг баймаар байна. Уг нь жолооч нарыг сургалтад суулгаж, бас бус зөвлөгөө өгдөг гэнэ. Гэвч өнөөх нь амьдралд хэрэгжиж гийгүүлээд байгаа зүйл алга.
Дараагийн том асуудал бол хөдөө орон нутагт буй үйлчилгээ. Ялангуяа морь, тэмээ унуулж буй нутгийн иргэдийн зан араншин. Мөнгө л олж байвал хэнд үйлчлэх, хэрхэн үйлчлэх нь тэдэнд түй ч хамаа байхгүй. Зочдыг зочин шиг угтаж, таван цаас салгах тухай бодох юм биш. Харин хэрүүл хийх, хараал өргөхдөө гарамгай. Ийм хүмүүсийг энэ салбарт тэнцүүлэхийн тулд тодорхой шаардлага, татвар мөнгө хураах нь зүйд нийцнэ. Тэгж байж тэд ухамсар сууж, урагш алхах биз ээ. Ганцхан жишээ: Элсэн тасархай цогцолбор газарт 12 солонгосыг тэмээ унуулах гэж тэнд буй хүмүүс загнуулж, хэдэн солонгосынхоо нүдийг бүлтэлзүүлж, зүрхийг нь эмээлгэв. Тэнд аюулгүй байдал гэж алга. Харилцааны соёл гэж алга. Унавал уна. Үгүй бол зайл гэсэн харцаар гадныхантай харилцах нь гутамшигтай.
Хоолны үйлчилгээ. Зам дагуух цайны газраас эхлээд амралтын газар дахь хоолон гэр гэх мэт бүхий л хоол, нийтийн үйлчилгээ үзүүлэгч нарт мөрдөх стандартыг тогтоож өгмөөр байна. Хуушуур, бууз нь хүртэл ямар байх ёстой стандарт хэрэгтэй. Хэрхэн аялгалж өгөх, өрөө сав нь ямар байх гэх мэтэд анхаарах цаг болжээ.
00 гэдэг бол ёстой л нойл. Зуны дэлгэр цагт зам дагуух үйлчилгээний цэгүүдэд нутгийн удирдлага нь сэтгэл гаргаад био нойл байрлуулж болно. Заавал боловсон гээгүй шүү дээ. Түр ашиглаад буулгаж болох био нойл байж болно. Энэ мэтээр хөнгөн шийдэх аргыг л төр нь олж хэрэгжүүлэхгүй бол асуудал дуусахгүй.
Үнэ. Энэ бол ёстой гамшиг. Аялал жуулчлалын салбарын бүх л оролцогч нар мөнгө, мөнгө л гэх болжээ. Тэд нэг тогтсон үнээр чанартай үйлчилгээг нэг жилийн турш үзүүлнэ гэдэг ойлголт алга. Зах дээрх панз үсэргэгч шиг л илүү үнэ төлсөнд ч үйлчилж, өмнөх тохирсон хүнээ жийгээд сууж байна. Зарим нь бүр үндсэн үнээ гурав дөрөв өсгөчихөөд л хоосон гэрээ манаад сууж байх жишээтэй. Тодорхой хэмжээнд үнийг барихгүй бол Монгол Улсын хилийн гадна хямд хэрнээ биднээс хэд дахин тансаг үйлчилгээ байгаа гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй.
Хөтөч: Чаддаг, чаддаггүй хөтөч олон. Гэхдээ хөтөч нар монгол орны онцлог, нутгаа өргөөд гаргах сэтгэлгээг түлхүү суулгах хэрэгтэй. Түүнээс зочинтойгоо нийлээд амыг нь дагуулж муулаад яваад байж болохгүй ээ.
Энэ мэтээр аялал жуулчлалын салбарт өөрсдөөсөө засаж сайжруулах зүйлс олон байна. Хэрэв бид энэ чигээрээ байх юм бол нэг хоёр, цаад тал нь гурван жил жуулчны хөлд дарагдаад л ирэх хүнгүй болно шүү. Энэ жил ирсэн олон хүн дахиж Монголд ирэхгүй гэсэн сэтгэгдэлтэй буцаж байна. Шалтгаан ердөө л үйлчилгээ ба үнэ. Хэт өндөр үнээр сэтгэл дундуур үйлчилгээ авсан учир дахиж ирэхгүй гэсэн сэтгэгдлийг үлдээжээ. Тэр ирэхгүй учраас түүний эргэн тойрны арван хүн ирэхгүй. Тэр арван хүний эргэн тойрны зуун хүн ирэхгүй. Иймээс бид өөрсдөө аялал жуулчлалын салбарт амь зогоох гэж байгаа бол асуудлаа засаж, сайжруулахгүй бол хоногийн хоолоо олж иддэг салбар чинь хоёр жилийн өмнөх шигээ зогсонги болно шүү.