Том улс төрийн зодоон айсуй

Том улс төрийн зодоон айсуй

9 сар гаргаад 2024 оны сонгуулийг угтсан улс төрийн зодоон төрийн ордонд өрнөж, түүнээсээ цаашлах замаар аймаг, нийслэлд ч гал авалцах нь ээ. 

Нэн тэргүүнд Улаанбаатар хотын удирдлагуудад зодоон өрнөх нь гарцаагүй болжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарыг огцруулах тухай албан шаардлагыг сөрөг хүчний зүгээс тавиад буй. Энэхүү өдөөн турхиралт нь сөрөг хүчний сэдсэн ажил биш. Харин ч манай намын нэр бүхий улс төрчдийн явуулга хэмээн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар ойр тойрныхондоо ярьсан сурагтай. Намайг огцруулах гээд байгаа намын нөхдөөсөө хариу авах болно. Түрүүлж алхам хийх хэрэгтэй. Ингэхийн тулд ойрын гурван сарын нийслэлийн улс төрийн зураглалыг гарга гэсэн даалгаврыг ч гөсөн гэнэ. Тэгэхээр тун удахгүй 9 сар гаргаад Нийслэлийн ИРгэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болно. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарыг огцруулах эсэх асуудлыг хөндөх нь гарцаагүй. Харин сөргүүлээд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг огцруулах акц явах юм байна. Хэн нь үлдэнэ тэр нь ялна гэсэн шуум Хангарьд ордны өрөө болгонд шивнэлдэж, бусдад сонсгохгүй гэж хичээж суугаа гэнэ. 

Нийгмийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын хуучин бичлэг сэвэгдээд эхэллээ. Энэхүү бичлэг зүгээр нэг гарч ирээд л сэвэгдчихээгүй. Уг бичлэгийг зориуд гаргаж, түмэн олны анхааралд өртүүлэх гэж сэвж буй. 1970-аад оныхон амьд шүү. Улс төрд амь бөхтэй шүү гэдгийг 1980-аад оныхонд анхааруулж буй нэг сэжим нь энэ. Нөгөө талдаа өгч авалцах цаг нь болсон шүү гэдгийг далдуур хэлээд байгаа хэрэг. 

1980-аад оны төлөөлөл ч зүгээр суусангүй. Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухай нийтлэл өдрийн сонинд гарав. Тэрхүү нийтлэлээр Л.Оюун-Эрдэнэ л юм хийх нь. Хуучин ах нар шигээ биш. Тэр зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх нь гэсэн дэвсэлтийг бялууруулчихжээ. 

Энэ хоёр материалаас харахад хөшигний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дунд өгөө аваатай яриа өрнөөд байгаа нь гарцаагүй. 2024 оны сонгуульд хэнийх нь нэр дээрээс хэчнээн хүлэг уралдах эсэхийг шийдэх гэсэн эхний нүүдлүүд явж буй. Нөгөө талдаа сонгуулийн өмнө хүсвэл засгийн газраа хөмөрчихөнө шүү. Орны хүн нь бэлэн байгаа гэсэн ах нарынх нь анхааруулга ч байхыг үгүйсгэх аргагүй. Ер нь бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаашаа хазайна тийшээ улс төр өрнөх болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэйгээ шадарлах уу? Эсвэл үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүдтэйгээ нөхөрлөж дүү нараасаа эрх мэдлийг нь булаах уу гэдгээ шийдэж ядаж буй өдрүүд үргэлжилж байна. 

У.Хүрэлсүхийн хувьд Сү.Батболдын дэмжлэгтэй. Мөн М.Энхболд түүнд алга ташиж суугаа. Энэ хоёр эрхэмийн хувьд 1970-аад оны Ерөнхий сайдтай болчих хүсэлтэй. Битүүхэндээ Ч.Хүрэлбаатарыг дэмжиж буй. Гэвч өнөөх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маш сайн мэдэж байгаа. Иймээс л тэр өнгөрсөн жил хөдлөөгүй учир энэ жил хөдлөхгүй. 

Шинэ хүн нь Ж.Энхбаяр болж тодорч байх шиг байна. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ унах нөхцөлд дараагийн хүн нь Ж.ЭНхбаяр шүү гэдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх гэж хуучин бичлэг сэвэгдэв. 

Гэхдээ юу юуны завдалгүй Ерөнхий сайдыг солихгүй. Харин 2024 оны сонгуульд олууллаа оролцох гэж Ерөнхий сайдыг буланд шахаж, намын даргаас зөвшөөрөл хүсэж буй хэлбэр л болов уу даа.