БСШУ-ны сайдыг огцруулах шийдвэрийг Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат гэнэт гаргав. Өмнө нь нийгэм эсэргүүцэж, 29-р сургуулийн асуудалд хойрго хандсан гэх шүүмжлэл өрнөж байхад энэ тухай Ж.Эрдэнэбат огт үг дуугараагүй билээ. Гэтэл гэнэт л яагаад БСШУ-ны сайдыг огцруулах тухай хөндөж, МАН-ын бүлэг дэмжив. Үүний цаана чухам юу болов?
Олон хүн ЕБС-ийн шалгалтын тест задарсан учраас БСШУ-ны сайд Ж.Батсуурийг огцруулахаар боллоо гэсэн таамаглал дэвшүүлж байна. ЕБС-ийн шалгалтын тест задарсан асуудал сайдад тийм ч хамаатай биш. Шууд утгаараа шүү. Шууд бусаар бол мэдээж сайдын хариуцлагын тухай ярина. Харин үүнээс өөр нарийн утга учир энэхүү шийдвэрт байсан нь гарцаагүй.
29-р сургуулийн асуудал хөндөгдөхөд БСШУ-ны сайд Ж.Батсуурь өөрт нь хамаатай биш асуудал гэж хэлээд шүүмжлэлд өртсөн. Харин өнөөдөр уг асуудал сайдыг огцруулах үндэслэлийнх нь нэг болж харагдав. Гэтэл үнэн хэрэгтээ энэ ч бас л сайдыг огцруулах тухай асуудлыг гол бай биш гэнэ.
Чухав юунаас болж БСШУ-ны сайд огцрохоор болов.
Энэ асуултын хариулалт тун энгийн. Засгийн газарт 2 том толгой шөргөөцөлдөөд эхлэв. Нэг нь мэдээж хэрэг Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат. Түүний хувьд гүйцэтгэх засаглалын толгой гэдгээ танхимдаа мэдрүүлэх гэж хэрэндээ хичээж байгаа. Нөгөө нь шадар сайд У.Хүрэлсүх. Засгийн газрын хувьд мөнгөний асуудал дээр тун эмзэг байгаа. Үүний тод жишээ нь Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэрүүлийн алим болсон концессын гэрээний асуудлаас харагдсан.800 гаруй тэрбум төгрөгийн концесс нь МАН-ын улс төрчдийн бялуу хуваалтын тэнцвэр алдагдсан учраас засагтай хариуцлага тооцох хэмжээнд хөндөгдөөд сонгууль өнгөртөл түр намжаад байгаа билээ. Гэтэл яг ийм л маргааны улмаас БСШУ-ны сайдыг Ж.Эрдэнэбат огцруулахаар зориг шулуудсан бололтой. БНХАУ-ын тусламжаар Боловсролын салбарт төсөл хэрэгжүүлэхээр болсон. Чамгүй өндөр дүнтэй уг төслийг хэрэгжүүлэх эрх мэдлийг шадар сайд У.Хүрэлсүхийн фракц авахаар шийджээ. Харин үүнийг нь Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үл зөвшөөрсөн. Харин БСШУ-ны сайд Ж.Батсуурь дур мэдэн, өөрийн фракцын тэргүүн У.Хүрэлсүхийн зааврын дагуу төслийг МУИС-д хэрэгжүүлэх давуу эрхийг гарын үсэг зурж олгосон гэнэ. Үүнээс л улбаалж хэрэг мандаж, сайдын суудал ганхаж эхлээд байна. МУИС дур мэдэн төсөл хэрэгжүүлнэ. Уг мөнгө нь төсөвт тусахгүй явна гэдэг байж болохгүй гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэж, өнгөн тайлбар хийгээд БСШУ-ны сайдыг огцруулах тухай ярьж байгаа гэсэн таамаглалыг улс төрчид аль хэдийн гаргаад байна. Нөгөө талдаа У.Хүрэлсүхэд өгч байгаа Ж.Эрдэнэбатын сануулга болж байна.