Улаанбаатар хотын утааг арилгах төлөвлөгөөг У.Хүрэлсүхийн засгийн газар гардан гүйцэтгэсэн. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж, айл бүрт түүхий нүүрс түлүүлэхгүй байх шийдвэрийг гаргаж байлаа.
Та санаж байвал 2019 онд Улаанбаатар хотын утааг яллаа гэдгийг яруу эгшиглүүлэн Засгийн газраас пиардаж байлаа.
Харин 2020 оны сонгуулийн дараанаас утаа нэмэгдэх болсон. Өнгөрсөн өвөл утаатай өдрийн тоо ихсэж, олон хоног Утаатай Улаанбаатар байсан билээ. Энэ үед Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салхи гарахгүй байгаа учраас утаа арилахгүй хэмээн хээвнэг хэлж зогсов.
Харин саяхнаас Б.Чойжилсүрэн гэдэг эрхэм 177,5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас коксжсон нүүрс худалдан авч Улаанбаатар хотын иргэдэд туршилтын журмаар түлүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа билээ. Энэхүү туршилтаа маргааш Налайх дахь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт хийж, хэвлэлийнхнийг дагуулан тархи угаалт хийх гэж буй бололтой.
Б.Чойжилсүрэн сайдын энэхүү үйлдэл нь Улаанбаатар хотын утааг ялсан гэсэн У.Хүрэлсүхийн хийсэн ажлыг харлуулах гэсэн үйлдэл мөн үү? У.Хүрэлсүх буруу зүйл хийсэн учраас одоо засаж, янзлах гэж байна гэсэн явуулга юм уу? Эсвэл У.Хүрэлсүхийн тарьсан балгийг арилгах гэж арга ядаж байна хэмээн үгээрээ хэлэхгүй ч үйлдлээрээ харуулаад яваа юу гэх мэт асуулт урган гарч байна.
У.Хүрэлсүх гэдэг улс төрийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогыг намынх нь улс төрчид намнаж байгаагийн нэг хэлбэр яах аргагүй Улаанбаатар хотын утааг арилгасан гэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг түүхий эд, технологи буруу гэдгийг харуулж, батлах гэж улайрч буй энэ засгийн газрын сайдын үйлдэл асуултыг ургуулан гаргаж байна.