68 сургуульд 50 мянган хүүхэд гурван ээлжээр хичээлэх болно

68 сургуульд 50 мянган хүүхэд гурван ээлжээр хичээлэх болно

Л.Энх-Амгалан:“БСШУЯ-наас энэ зун онцгойлон хэд хэдэн асуудалд анхаарч ажиллалаа. Энэ хичээлийн жилд нийт 68 сургуульд 50 мянган хүүхэд гурван ээлжээр суралцахаар байна. Үүнээс Улаанбаатар хотод 47 сургуульд 33 мянган хүүхэд гурван ээлжээр суралцахаар байна. ЕБС-иуд гурван ээлжээр хичээллэх болсон нь үндсэн гурван шалтгаантай. Эхний ээлжинд, нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд элсэн орж байхад 12 дугаар ангийг 35-40 мянган хүүхэд төгсөж байдаг. Өөрөөр хэлбэл, жил бүр шинээр элсэн орж буй хүүхдүүдийн тоо төдий тоогоор илүү байна гэсэн үг. Тиймээс анги танхимын хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын оновчгүй бодлого нөлөөлсөн. Газаргүй, зураггүй сургуулийн барилгыг төлөвлөдөг. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн алдаа буюу өнөөдөр сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 хороо байна. Тэгсэн атлаа маш олон тооны оршин суугчтай хорооллуудыг барьж ашиглалтад хүлээлгэн өгдөг. Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол тухайн хороолол сургууль, цэцэрлэгтэй байхаар хуульчилсан ч хуулиа дагаж мөрдөлгүй, гүйвуулж ирсэн байна. Бид энэ гурван шалтгааныг тодорхойлж, богино, дунд болон урт хугацаанд ямар шийдэл байж болохыг Засгийн газрын түвшинд гурван удаагийн хурлаар ярилцлаа.

Үүнд, энэ ондоо багтаж барилгын ажил нь удааширсан 74 сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр боллоо. Ашиглалтад орсон ч цоожлоод хоёр жил болсон сургууль байна. Төсөв нь нэмэгдээд байдаг ч ашиглалтад ордоггүй сургууль байна. Дулааны зөвшөөрлийг нь өгдөггүй, эсвэл ашиглалтад хүлээн авдаггүй зэрэг төр-хувийн хэвшлийнхний аль алиных нь  уялдаа холбооноос хамааралтай барилгын асуудал ч байна. Иймд эдгээр сургууль цэцэрлэгүүдийн заримыг 9 дүгээр сарын нэгнээс хүүхдүүддээ нээж өгөхөөр болсон.

Түүнчлэн он дамжсан сургууль, цэцэрлэг барьж буй 23 барилгын компанийг хар жагсаалтад оруулж, олон нийтэд зарлана. Эдгээр компани анхнаасаа тендерийг будлиантуулж төсвөө байнга нэмж ирсэн тул төрөөс ажил авах эрхийг хааж, хуулийн байгууллагад шилжүүлэх гэж байна. Мөн төсөвт зохицуулалт хийх замаар 21 сургуулийн ажлыг эрчимжүүлнэ"