Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн агаарын бохирдлыг бууруулах Үндэсни хорооны даргаар ажиллаж эхэлсэн. Тэр энэ ажлыг хариуцахтайгаа зэрэгцэн нэг санал сэдсэн нь 177,5 тэрбум төгрөгөөр хийх туршилт. Хагас кокжсон түлшийг айл өрхүүдэд хэрэглүүлэх замаар Улаанбаатар хотын утааг бууруулах туршилтыг хийнэ хэмээн НИТХ дээр мэдэгдэв. Энэ үеэс эхэлж түүний энэхүү туршилт нэртэй 4000 айлыг орон сууцанд оруулчих мөнгөөр 45 хоногийн туршилт хийх гэж байгаа юм. Үүнд нь шүүмжлэлтэй хандсан иргэд олон.
Б.Чойжилсүрэн өөрийнхөө зөв гэдгийг батлах гэсэн үү? Эсвэл энэхүү 177,5 тэрбум төгрөгийг заавал зарцуулах гэсэн үү бүү мэд. Ямартай ч хагас кокжсон түлшнийхээ туршилтыг түмэнд сурталчилж, олонд ойлгуулах нэрийдлээр хэвлэл мэдээллийнхэн, нийгмийн сүлжээнд нөлөө бүхий этгээдүүдийг ээлж дараалан зөөж, цай цүй болгоод зогсохгүй алга дээш нь харуулах зэргээр тархи угаалтыг эхлүүлсэн гэнэ дээ.
Та анзаарсан бол 177,5 тэрбум төгрөгөөр хийгдэж буй хагас кокжсон түлшний туршилтыг сайшаасан, магтсан мэдээ мэдээлэл, пост нийгмийн сүлжээнд, интрнэт орчинд хөвөрч эхэлжээ. Энэхүү ажлыхаа тухай зарим хэвлэлд Б.Чойжилсүрэн дараах тайлбарыг өгсөн байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Энэ оноос эхлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хооронд агаарын бохирдолтой улс орнуудын туршлагыг судалж үзлээ. Тухайлбал, Лондон, Сөүл, Бээжингийн туршлагыг судаллаа. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад одоо байгаа түлшний түүхий эдийг солих шаардлагатай юм байна. Хагас кокс нь коксжих нүүрсээс ондоо бүтээгдэхүүн. Хагас кокс бол эхний ээлжид хүрэн нүүрсийг дулааны аргаар боловсруулж, дутуу шатаан 1700 градуст жигнэдэг.
Туршилтаар:
- Мидлинг түлштэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2.4 дахин буурч байгаа.
- Дэгдэмхий жишээлбэл 22.5 байгаа бол 10.5 болж буурсан.
- Тоосонцор 154 байсан 45 болж бууж байгаа гэх мэт хоруу чанар нь 2-4 дахин буурсан.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос уг туршилтад 242 сая төгрөг зарцуулсан. Мөн Хятадад хэд хэдээгийн удаагийн туршилт хийж, зөвлөх баг ажиллуулсан. Одоогоос гурван долоо хоногийн өмнө НИТХ дээр танилцуулга хийсэн. Ингэхдээ, 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 31-ныг хүртэл 45 хоногийн хугацаанд мидлинг түлшийг хагас коксоор орлуулаад түлш хийж үзэхэд 177.5 тэрбум шаардлагатай гэж үзсэн хэмээжээ.
Б.Чойжилсүрэнгийн энэ үйлдэл нь нэг талаасаа түлшээ сайжруулах нь зөв гэдгийг хэлээд буй. Нөгөө талаас нь харах юм бол их наядаар нь хэмжигдэх хөрөнгө зарцуулан барьсан Таван толгой түлшХХК-ийн түлшний үйлдвэр нь үргүй зардал болжээ гэх хардлагыг төрүүлж эхлэх юм. Цааш утсыг хөвөрдүүлэх юм бол энэхүү ажлыг санаачлан хийсэн одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдэг хүний ажил муу байсан гэсэн шууд бус дүгнэлт байж болох уу? У.Хүрэлсүхийг муухай харагдуулах гэсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг бас нэг ажил юм биш биз дээ гэх хардлага зарим иргэнд төрөх болжээ.
У.Хүрэлсүх гэдэг улс төрчийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого алдаатай байсан. Тэр алдааг нь одоогийн засгийн газар засах гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байна гэсэн өрөвдүүлэх тактик явах гэсэн башир арга юм биш биз дээ гэх хардлага төрөхийг нуух юун. Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрч ахынхаа эсрэг баримт гаргаж ирэхийн тулд Б.Чойжилсүрэн гэдэг улс төрчийг туршилт нэрээр 177,5 тэрбум төгрөгийг үрээд өг гэчихээгүй л байлтай. Үүнд л хариулалт хэрэгтэй байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нараа. Мөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөө хэрэв таны бариулсан түлшний үйлдвэр үр дүнгүй, ашиггүй ажил болсон бол улсаас гаргасан тэр их зардлыг та төлөх үү?