Түгжрэлийн сайдтай боллоо. Түүний зарцуулах 400 тэрбум төгрөгөөр хотын нэг ч гэсэн асуудлыг шийдэх гэсэн хүлээлт байлаа. Байсанч байхгүй болжээ гэдгийг өчигдөр Ж.Сүхбаатар гэдэг түгжрэлийн бодлого хариуцсан сайдын түмэнд мэдээлсэн мэдээллээс харж болохоор байна.
Үлгэрт л гардаг гэдэг шиг өнөөх сайд маань өнгөрсөнд олны шүүмжлэл болж, урагш ахиагүй дүүжин тээвэр, өнөөх л автобус гэх мэт ярьдаг сэдвээр л ярзайтал үгүүлж суугаа нь ихийг горьдох хэрэггүй гэдгийг хэлээд өгчихлөө.
400 тэрбум төгрөг зарцуулаад тэгш сондгой шийдэл олоод сууж буй бодлогын сайдын амнаас гарч буй бас нэг үг нь хувийн унааг дэмжихгүй гэх хуучин нийгмийн үлдэгдэл сэтгэхүй явж байна. Хувийн унаа унаад буй шалтгаан нөхцөл нь юу юм вэ? Хувийн унааг хүссэндээ унаад байна уу? Эсвэл нөхцөл байдал нь тэгж шаардаад байна уу гэдгийг бодлогын сайд бодож тунгаагаагүй байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод авто машин унаж буй хүмүүсийн дийлэнх нь ажлаас гэр, гэрээс ажил гэсэн маршруттай яваа. Тэдний хувьд нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд сонголтгүй хувийн машин унахаас өөр гарч байхгүй. Нийтийн тээвэр нь хүлээгдэл ихтэй. Хэт их ачаалалтай. Нэг нийтийн тээврийн туулах зам урт. Нийтийн тээвэр нь бохир, заваан, олон хүнтэй зорчиход нөхцөл байдал хүнд гэх мэт асуудлыг олныг нэрлэж болно. Энэ бүхнийг шийдэх шийдэл бодлого тодорхойлох сайдад алга.
Бас болоогүй Улаанбаатар хотын авто зам дээр төрийн албан хаагчийн хэдэн хувь нь машинтайгаа өнжиж буй тухай тооцоо судалгаа алга. ҮҮгээр зогсохгүй нийтийн тээвэр очдоггүй алслагдсан газрын иргэд хэрхэн машин унаж буй тухай ч тоо ярьсангүй.
Бодлогын сайдын бас нэг гаргаж ирээгүй тоо бол сургуулийн сурагчдаа зөөхөөр гэр хорооллоос, хотын захаас, орон сууцны хорооллоос хэрхэн бага тойрогруу хүмүүс чихэлдэж буй тухай тоо судалгаа алга. Түүнийг шийдэхийн тулд орон сууцны дунд чанартай сургууль байгуулах, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох салбар салбарын хамтарсан бодлогын тухай бодлого ярьж, шийдэл хэлсэнгүй.
Бодлогын сайд Ж.Сүхбаатар түгжрэл шийдэх шийдлийн тухай ярих биш хуучин ярьдаг байсан хэдэн гал унтараах аргыг нэмж хачирлан хэлж нэг мөр түмний уурыг хүргэх гэж л сайд болжээ гэх бодол төрснийг хэлэх нь зөв биз ээ. Түгжрэл шийдэж, түмний санааг амраах бодлогын сайд Ж.Сүхбаатар т түй ч бодлого, шийдэл алга даа.