Багшийн цалинг өсгөх боломжийг хуулиар олгожээ

Багшийн цалинг өсгөх боломжийг хуулиар олгожээ

Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг 2030 он хүртэл 100 хувь хөнгөлөх болно. Сайн хуульч, сайн эмч, сайн инженерийг багш бэлтгэдэг. Иймээс сайн багш бэлтгэх дээр Засгийн газар эхлээд анхаарах болно. Багш мэргэжлээр суралцах бол 100 хувь төрөөс даая. Та төлбөрт санаа зовохгүй суралц. 

Ерөнхий сайдын дээрх мэдэгдлийн дараа та бид хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь үнэгүй юм үнэгүй л байдаг гэж шүүмжлэв. Нөгөө хэсэг нь цалин багатай багш болох гэж хэн сурах билээ дээ. ЭЕШ-ын босго оноогоо өндөр болгохгүй бол сурч мэдсэн зүйлгүй нөхөд багш болчихоно. Багш гэдэг хэн дуртай нь сурдаг ажил биш. Энэ мэт шүүмжлэл тасралтгүй хөвөрсөн. 

Багшаар суралцах гэж буй 400-ийн ЭЕШ оноотой бол элсэж болно. Өндөр оноотой бол тэтгэлэг үзүүлнэ гэх мэт бодлого багш бэлтгэдэг сургуульд байсан уу гэвэл байсан. Гэхдээ энэ байдлыг улам бүр тодорхой болгож өгөх гэсэн Засгийн газрын тэргүүний бодлогыг шүүмжлэхээсээ өмнө ухаад ойлгох гэж хичээлээ. 

Нэгдүгээрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргаж буй саналийг дэмжих гол шалтгаан нь багш бол бусдыг бэлтгэдэг. Иймээс багшийг бэлтгэхэд нэн тэргүүнд анхаарах тухай үг нь зөв юм. 

Хоёрдугаарт багшийн мэргэжлээр шууд хүн бүрийг үнэ төлбөргүй сургачихгүй. Босго оноог нь өсгөнө. Сурлагад нь анхаарна. Энэ бол хөтөлбөр боловсруулах шатныхны хийх ажил. Үүнийг ч Ерөнхий сайд үүрэг болгочихжээ. 

Цалин багатай, үнэлэмж муу гэх болсон ажлын байрны нэг бол багш. Ийм байхад хэн багшаар сурах билээ. Тэр дундаа сурлага сайтай. ЭЕШ-даа өндөр оноо авсан залуус багш болохгүй гэх шүүмжлэлд хариулалт болох зохицуулалтууд Боловсролын тухай хуулинд тусгалаа олчихжээ. 

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

1

13 дугаар зүйл.Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа

13.1.Багш дараах эрхтэй:

13.1.3.жил тутам холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;

13.1.6.хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах; 13.1.7.цахим сургалт зохион байгуулах хэрэгцээнд суурилсан мэргэжлийн хөгжлийн орчин, нөхцөлөөр хангагдах;

13.3.Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

13.3.1.хөдөлмөрийн онцлогийг харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох;

13.3.2.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багш нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах;

13.3.3.сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;

13.3.4.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

13.3.6.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах.

гэх мэтээр цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай бүхэл бүтэн бүлэг байхаас гадна бүлэг бүрт тодорхой заалтууд орж өгчээ. Иймээс багшийн цалин хангамжийг үе шаттай нэмэгдүүлэх, цалин өндөр болгох тогтолцоог хуулиар гаргаад өгчихлөө. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх шахалтыг МҮЭХ болон бусад төрийн бус байгууллага, багш, иргэд дэмжих л үлджээ.