Олон улсын стандартад нийцүүлэн 65 их сургуулийг эрэмбэлнэ

Олон улсын стандартад нийцүүлэн 65 их сургуулийг эрэмбэлнэ

Дээд боловсролын тухай хууль нь суралцагч төвтэй, оролцогч талуудын харилцааг зохицуулахад чиглэснийг БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тэрбээр, хуулийн хэд хэдэн зохицуулалтын талаар тайлбарлахдаа, “Их сургуулиудын засаглалын байдлыг тодорхой болгож, төрийн өмчит их сургуулиудын захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, чөлөөлөх болсон нь улс төрийн томилгоонд хуулиар цэг тавьсан”-ыг тэмдэглэж байлаа.

Энэ жилийн онцлох ажил нь өнгөрсөн онд дээд боловсролын сургалтын байгууллагыг чанарт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, 88 дээд сургуультай байсны 27-г зогсоож, одоогоор 65 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ намар 22 дээд сургуульд албан шаардлага хүргүүлснээ шалгахаас гадна 65 их сургуулийнхаа эрэмбэ чансааг ирэх есдүгээр сард багтаан тогтоож, олон нийтэд зарлана.

Мөн их сургуулиудын түвшин нь их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн 3 ангилалтай байна. Одоо байгаа 30 дээд сургуулийн ангиллыг 2025 оны 6 дугаар сарын 15 хүртэл шинэчлэн тогтоож, 2025 оноос хойш ийм ангилал байхгүй, зөвхөн их сургууль, коллеж гэсэн ангилалтай болгох аж. 

Түүнчлэн, аймгийн төв дэх зарим МСҮТ-ийг нийлүүлнэ. Үүнд, Дорнодын хоёр МСҮТ, Эрдэнэтийн хоёр МСҮТ-ийг нийлүүлж, Дарханы гурван МСҮТ-ийг цогцолбор болгожээ. Сэлэнгэ дэх МСҮТ-ийг нийлүүлж, ХААИС-ийн харьяа, Булганд байгаа хоёр МСҮТ-ийг нийлүүлж, ХААИС-ийн харьяа, Өмнөговьд байсан МСҮТ-ийг ШУТИС-ийн харьяа болгосон байна.