Уушгины тэргүүлэх зэрэгтэй эмч Сумъяа: Ковид тусаад эдгэрсэн хүмүүст 20 гаран шинж тэмдгүүд илэрч байна

Уушгины тэргүүлэх зэрэгтэй эмч Сумъяа: Ковид тусаад эдгэрсэн хүмүүст 20 гаран шинж тэмдгүүд илэрч байна

БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо 15 дах жилдээ амжилтай зохион байгуулагдлаа. Тус соёлын өдрүүдэд “Зэвсгийн эрдэм” шаолины үшүгийн тоглолт, театруудад кино үзүүлбэр зэргээс гадна Өвөр Монголын олон улсын эмнэлгийн 9 эмч ирж иргэдэд үзлэг оношилгоо хийсэн. Бид уушгины эмгэг судлалын тэргүүлэх зэрэгтэй эмч Сумъяатай таван хором ярилцлаа.

Монголд хэд дэх удаагаа ирж байгаа бэ?

Миний хувьд 2012 оноос хойш ирж байна. Соёлын өдрүүд гэхээр дан ганц урлаг, соёл бус харин эрүүл мэндийн чиглэл нэмж соёлын хөдөлгөөн болгосон. Энэ хөдөлгөөнд зөвхөн Өвөр Монголын олон улсын эмнэлэг оролцож ирсэн. Энэ ажлын хүрээнд эм тан, тоног төхөөрөмж, үнэ төлбөргүй эмчилгээ, оношилгоо хийх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Энэ удаа улсын 2 дугаар эмнэлэг болон Налайх дүүргийн эмнэлэгт иргэдийг үзэж зөвлөгөө оношилгоо хийсэн.

Урьд нь өөрсдийн эмнэлгийн шугамаар хөдөө орон нутаг Булган Архангай зэрэг аймгуудаар үзлэг оношилгоо хийж байсан бол энэ удаа Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд  ирж хамтран ажиллаж байна.

Ковид-19 цар тахал хүмүүсийн уушги, ерөнхий биед хэрхэн нөлөөлөл үзүүлсэн бэ?

Одоогоор үүнийг хэлэхийн аргагүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч ирээдүйд уушгинд цар тахлаас үүдэлтэй өвчин илэрнэ гэсэн онош тогтоогдоогүй.

Ковид-19 цар тахлын эхний үед хүний бие дээр 10 дээш ижил төрлийн шинж тэмдэг илэрч байсан. Харин эдгэрсэн хүмүүст халуурахаас бусад 20 гаран шинж тэмдэг илрээд байна. Тодруулбал хөлс гарах, ядрах, сульдах, хоолонд муудах, эсрэгээрээ цадахаа мэдэхээ болих нойргүйдэх, эмэгтэй хүний сарын тэмдэг зогсох, астам бронхиттой болох, суулгалт өгөх, даралт ихсэх  зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Гэвч эдгээр шинж тэмдэгтэй хүмүүст шинжилгээ хийхэд эрүүл гэж гардаг.

 Элэг дүлий эрхтэн гэдэг шиг уушги мэдэгдэхгүйгээр өвчлөхүү?

Хүмүүс жаахан ханиах, халуурах зэргийг үл тоодог. Ялангуяа 30-40 насныхан.  Эдгээр шинж тэмдгийн үед эмнэлгийн байгууллгад хандалгүй гэрээрээ эмчилдэг нь маш буруу. Гэнэт бачуурч, амьсгал давчидсан үед эмнэлэгт ханддаг нь хожимддог.

Ковид -19 буюу корона вирус нь уушгины хорт хавдарын эх үүсвэр болохуу?

Хорт хавдрыг коронатай холбож ойлгож болохгүй. Уушгины хорт хавдар цар тахлаас өмнө ч өвчлөлийн тоогоороо өндөр хавдрын тоонд ордог байсан. Коронагаас болоод уушги сүүдэртсэн байна энэ хорт хавдар болох уу гэж хүмүүс их асуудаг үүнийг бол одоогоор шинжлэх ухаан батлаагүй хэлэхэд ч хэцүү асуудал юм.

Уушгиа эрүүл байлгая гэвэл?

Нэгдүгээрт дархлаагаа сайжруулах, дэмжих нөгөө талаас хүн өөрөө өвчнөө эсэргүүцэх чадвартай байдаг. Үүнийг уламжлалт эм эмчилгээ дэмжиж өгдөг. Корона вирусийн эдгэрэлтэд ч Монгол эм тан өндөр нөлөө үзүүлсэн.  Бид  уламжлалт эм, танг цаашид үргэлжлүүлэн судлахыг зорьж байна.

Маш их баярлалаа. Таны эрүүлийг хамгаалах ажил үйлсэд тань амжилт хүсэе. 

 

 

 

 

 

 

                                              Ярилцсан: И.Энх-Амгалан