Монгол Улсын төрийн Соёрхолт, Ардын зураач Дагдангийн Амгалангийн “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд маргааш нээнэ.
Одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суман нутагт 1933 онд төрсөн Д.Амгалангийн 90 насны ойд зориулсан үзэсгэлэнг СУИС, Уран зургийн галерей болон Амгалан Ертөнц Сан хамтран зохион байгуулж байгаа юм. Ардын зураач, Төрийн соёрхолт Д.Амгалангийн “ Ээж ээ сайн байна уу?”, “Капитализмыг алгасагч”, “Жаахан шаргын нутгаар” зургийг монголд мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Монголын дүрслэх урлагийн сор бүтээл, Ардын зураач Д.Амгалангийн "Жаахан шаргын нутагт" /1965 он/ уран зураг нь социалист бүтээн байгуулалтын үе болон соёлын хувьсгалын нийгэмд үзүүлэх ач холбогдлыг монгол ахуй, төрхтэй хослуулан бүтээсэн байдаг. Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт данстай тус бүтээл 1986 оноос хойш Их тэнгэр цогцолборт нэр бүхий 17 зургийн хамт байршиж байсныг Монголын уран зургийн галерей 2020 онд алтан сан хөмрөгтөө эргүүлэн авчээ.
“Ээж ээ, сайн байна уу?” хэмээх зураг олон ч айл, сургууль, цэцэрлэгийн хананд байдаг байв. Зураачийн насны хүсэл тэмүүлэл болсон Москвагийн Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байхдаа хоёр настай балчир охиноо хараад сэтгэл уяран “Ээж ээ, сайн байна уу?” алдарт зургаа бүтээсэн гэдэг.
Тэрбээр, 1961 онд гуашаар “Капитализмыг алгасагч” зурагт хуудас бүтээсэн нь Монголын төдийгүй уран зургийн тухайн цаг үеийн нэгэн түүхийг бүтээн үлдээжээ. Энэ уран зураг нь Дархан-Уул аймгийн төмөр замын байрны Олон улсын галт тэрэгний буудал руу харсан цулгуй ханан дээр 13х15 м харьцаатайгаар зурагдсан байдаг. Зургийнхаа тухай тэрбээр нэгэнтээ, “Энэ зураг маань “Харангуйгаас гэрлийн зүг” нэртэй юм л даа. Уул нь харанхуй нийгмээс морьтойгоо довтолгон орж байгаа гэдгийг үзүүлэх гэсэн юм. Тухайн үед улс төржүүлж ийм нэр өгсөн байх” хэмээн хуучилсан аж.
Д.Амгалан нь Монголын ард түмний олон зуун жил хуримтлуулсан соёлын дэвшилтэт өв санг судлан суралцах, сурталчлах, хөгжүүлэх нь залуу үеийг ардын уламжлалт зан заншлаар хүмүүжүүлэх, эх орноо сурталчлахад тус дөхөм болох ёстой хэмээн сэтгэж, түүнийгээ ажил амьдралд хэрэгжүүлэхийн төлөө зүтгэхдээ “Өнөө үеийн Монголын дүрслэх урлагт уламжлалт урлахуй ухааны онол нь шинэ урлагийн үндэс” гэсэн онол сургаалийг бий болгосон нэрт уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч юм.
Тэрбээр, 1951 онд “Хавар цаг” зургаа зурснаар уран бүтээлийн замналаа эхлүүлж туурвихдаа реалист чиглэлээр Монгол орныхоо гол үйл явдлыг бэлгэдэн үндэсний урлагийн өв уламжлалыг эрхэмлэн бүтээх эрмэлзэлтэй байсан бөгөөд Монголын дүрслэх урлагт хулдаасан бар, хөөмөл, өнгөт ветражийн төрлийг үндэслэжээ. 1963 оноос ДУДС-ийн захирал, уран сайхны удирдаач, мэргэжлийн ахмад багшаар ажиллаж, Монголын дүрслэх урлагийн салбарт 50 гаруй гарын шавь, 500 орчим зураач, урчуудыг сурган хүмүүжүүлсэн билээ.
Д.Амгалан 1962-1990 онд МУЭ-ийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж, БНМАУ-ын АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдон, 1969 онд “Өлгий нутгийн минь өглөө”, “Ерөөл” бүтээлээрээ Монгол Улсын Төрийн шагнал, 1975 онд Монгол Улсын “Ардын зураач”, 1981 онд “Алтан гадас” одонгоор шагнуулжээ.