Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо Хөх хотод эхэллээ

Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо Хөх хотод эхэллээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болж буй “Монгол, Хятадын 4 дэх удаагийн экспо” болон “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцож байна.

Айлчлалын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй тэргүүтэй төлөөлөгчид Шадар сайдыг хүлээн авч уулзсан байна.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгааг Шадар сайд энэ үеэр онцоллоо. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хурэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бол энэ оны зургаадугаар сард Монгол Улсын Еренхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн юм.

Яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг Шадар сайд онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ын "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", "Бүс ба Зам" болон "Хэтийн зорилго 2035"-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тодотгож байна.

Цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум америк долларт хургэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа манай тал илэрхийлжээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгааг илэрхийлээд зам, гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ онцолжээ.

“Монгол, Хятадын экспо”-г анх 2015 онд ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж байсан юм.