Ухаалаг утасны хэрэглээ зөвхөн насанд хүрсэн хүнд зориулагджээ. Гэвч эцэг эхчүүд сайн мууг нь ялгаж тунгаахгүйгээр хүүхдээ өхөөрдөж утас хэрэглүүлэх нь элбэгшиж байна. Гэтэл энэхүү буруу зуршил нь бага насны хүүхэд ядаргаанд орж эмнэлэгт хүргэгдэх нь нэмэгдэх болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд бага насны буюу 0-6 насны хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд орсон байдалтай ирж хэвтэх нь нэмэгдэж байна. Энэ насныхан мэдрэлийн ядаргаанд орж ирдэг гэсэн.
Тэдний хувьд утсыг 10 хүртлэх минут үзэхэд л ядаргаанд орох эрсдэлтэй нүүр тулдаг байна. Харин 10-18 насны хүүхдүүд хэт донтсон шинж байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Өнгөрсөн онд 48 хүүхэд ирсэн бол энэ оны эхний 11 сарын байдлаар 68 хүүхэд утаснаас болж ядаргаанд орж тус төвд иржээ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ уйлахад эсвэл дүрсгүйтсэн үед хүүхэддээ утсаа өгч сатааруулах гэдэг. Уг нь хүүхэд 0-6 ас хүртлээ хөдөлгөөнтэй байж, бие хөгжүүлэх ёстой байдаг. Харин гүйж хариаж орчинтойгоо танилцдан хөгждөг насан дээрээ удаан хугацаагаар хөдөлгөөнгүй утас ширтэн суух нь хүүхдийн эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй. Бага насны хүүхдийн анхаарал 3-5 минутын хугацаанд төвлөрөх чадамжтай байдаг. Харин утас оролдсноор хэд дахин удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлнэ.
Өөрөөр хэлбэл чадамжаас давсан тархины үйл ажиллагаа нь хүүхдийг ядаргаанд оруулж байна. Хэрэв таны хүүхэд хэт хөдөлгөөнтэй болж эсвэл эрс нурмагар болвол ядаргаанд орсон гэсэн үг. Мөн нүд нь хурдан анивчих, гар, хуруу нь хөдөлгөөнгүй байж чадахгүй байвал эмчид хандахыг зөвлөж байна. Иргэн та гэрэлээ асаалттай унтахад ямар тавгүй байдаг гэдгийг мэднэ. Тэгвэл 3-5 минут тутамд амарч байх ёстой хүүхдийн тархинд байнгын гэрэл асаалттай байснаар амрах боломж олдохгүй байгаа юм. Эмч нарийн зүгээс 0-5 насны хүүхдийн утасны хэрэглээ огтхон ч хэрэгцээгүй гэдгийг зөвлөж байна. Ингэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө хэрэглээндээ зохицуулалт хийх ёстой.