Иргэн Б: Гурван удаа хагалгаа хийлгээд сайжрахгүй, улам муудчихлаа

Иргэн Б: Гурван удаа хагалгаа хийлгээд сайжрахгүй, улам муудчихлаа

“Орбита” нүдний эмнэлэгт нулимсны сувгийн хагалгаанд орж эрүүл мэнд, ажил алба, мөнгө санхүүгийн хохирол амссан гэх иргэн Б эцсийн арга хэмээн үзэж эмнэлгийн үүдэнд 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаад эхэлж байгаатай таарч тодруулга авлаа.  

Танд юу тохиолдов. Яагаад энд хэвтэж байна?

2019 онд нулимсны сүвний гэмтэл авснаас болж нүдний ухархай дээр жижигхэн нүх гарсан зөвхөн хүйтэн салхитайд л нулимс гардгаас өөр зовиургүй байсан. Түүнээс хойш 5 жил ажлаа хэвийн хийж явсан. 2023 оны 1 сарын 2-оос Төрийн албанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч гадаад явахаар болсон. Ингээд явахаасаа өмнө эмнэлэгт үзүүлээд авъя гээд “Орбита” эмнэлэгт хандсан. Эмнэлгээс хагалгаанд орох шаардлагатай 3-6 сарын дараа гуурс авна гэхэд нь би 4 сарын дараа гадагшаа явна гэхэд асуудалгүй 3 сарын дараа гуурсаа авч болноо гээд хагалгаа хийсэн. Анхны хагалгааг 2023 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хагалгаа хийсэн.

Нийт хэдэн удаа, хэр зардлаар хагалгаа хийлгэсэн бэ?

Нулимсны сувгийн хагалгааг нийт 3 удаа хийсэн. Хагалгааны явцад сая гаран төгрөгний төлбөр төлсөн.

Өнөөдрийн байдлаар би энэ  эмнэлгээс болоод бүх зүйлээ алдлаа. Хагалгаа хийснээс 3 сарын дараа гуурсаа авахуулъя гэхэд нь болохгүй гээд гадагшаа явах ч өнгөрсөн. Тэгээд Өмнөговьд азаар аятайхан цалин мөнгөтэй ачаа тээврийн компанид ажилд орсон боловч нүд минь болж өгөлгүй. Дахин эмнэлэгт хандахад гуравдах хагалгаа хийнэ гэхэд нь одоо сүүлийнх биз дээ гэхэд сүүлийнх 14 хоноод гадна шарх эдгэнэ гэхээр нь 7 дугаар сарын 1-ээс 15-н хүртэл ажлаасаа чөлөө авсан боловч хугацаа нь хэтрээд ажилгүй болчихлоо.  Одоо бүх юм нойл заагаал байж байна. Энэ эмнэлэгт үзүүлээд 8 сар явж байна.

Эмнэлгээс ямар хариу өгсөн бэ?

Эмнэлэг явдаг газраараа яв гэсэн. Хохиролоо барагдуулах гээд хөдөөнөөс ирээд  51 дэх хоног дээрээ явж байна. Одоо байх газар, мөнгө төгрөг ч үгүй болсон. Эмнэлгийн байр суурь намайг ерөнхийдөө доромжилсон байр суурьтай байгаа. Чи явдаг газраараа яв, чи ер нь яахаараа хараа муутай байж ажил хийдэг юм гэсэн утгатай юм ярьж байгаа.

Ар гэрийн хүмүүсийн нөхцөл байдал?

Баримт гэдэг утгаар нэг юм хэлье гэж бодож байна.  Миний ээж настай хүн хөдөө даралт нь ихсээд эмнэлэгт хэвтсэн,  миний хоёр өсвөр насны хүүхэд хичээл сургуульдаа ч явж чадахгүй ажил хийнэ гэж байна. Миний хувьд хүйтэн цементэн дээр хэд хоног хэвтэх нь тодорхойгүй. “Хэрвээ миний гэр бүл, миний ээжид, миний бие амь нас эрүүл мэндэд хохирол учирвал энэ эмнэлэгтэй холбоотой шүү” гэдгийг хэлье.

 Та урьд нь харааны алдагдалтай байсан уу?

Миний зүүн нүд төрөлхийн огт хардаггүй. Ганц хардаг нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Одоо нүд бүрэлзээд, нуухтаад, зовхи минь доошоо унжаад том жижиг нүдтэй болсон. Гоо сайхан болон эрүүл мэнд талаасаа бүрэн хохирч байна. Одоо би өргөдөл бичиж өгье гэхээр гуравдах мөрнөөс бүрэлзээд харагдахаа больсон,  байгаа нүдтэйгээ ноцолдоол байж байна.

Өөр эмнэлэгт хандаж үзсэн үү?

Үнэн юм үнэнээрээ сайхан үнэнийг олохыг хүсэж байна. Би бас өөр эмнэлгүүдээр явж үзүүлсэн боловч анхнаасаа ямар ч ач холбогдол, үр дүнгүй хагалгаа хийсэн байна гэсэн. Эмч тайлбарлахдаа: усны шугамын хоолой гээд төсөөлье л дөө нэг талаар нь ус ороод нөгөө талаар нь гарах ёстой. Яг үүнтэй адил нулимс нь сувгаараа дамжин хамар луу орж чийгшил өгөх ёстой боловч хамар луу ордог хэсгийг бус дээр зовхины хэсэгт нь цоолсноос болж битүүрэн нуух гоожих бүрэлзэх зэрэг зовиур илэрч байгаа гэсэн тайлбарыг өгсөн.

Одоогоор биеийн байдал нь хэр байна?

Одоо шөнө ч нойр хүрэхгүй үргэлж толгой өвдөж байна. Сүүлийн хагалгаа хийхдээ үүссэн нүхийг бөглөх гэж байгаад шөрмөс тасалснаас болж зовхи унжсан гэж бодож байна.

Миний хувьд төрдөө гавьяа байгуулж шударга журам медаль хүртэж явсан учраас нутаг, нэр усаа нууцлахыг хүсч байна. Орбита эмнэлэг нь миний нэр усыг зарлаж байгаа нь мөн миний нэр төрд халдаж байна гэж бодож байна. Миний хувьд дараа дараагийн ажил хөдөлмөр хийхэд саад болно хэмээн хаширлаж байна.

 

 

 

                                                                                Ярилцсан:И.Энх-Амгалан