Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд "Монгол-Хятадын экспо" 4 дэх удаагийн арга хэмжээнд оролцлоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд зохион байгуулагддаг “Монгол-Хятадын экспо” дөрөв дэх удаагийн арга хэмжээний нээлт өчигдөр ӨМӨЗО-ны Хөх хот дахь Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд болж, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, форум, соёлын солилцооны арга хэмжээнүүдээр үргэлжиллээ.
“Монгол-Хятадын экспо” дөрөв дэх удаагийн арга хэмжээнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, нар оролцов.
Дөрөв дэх удаагийн экспогийн нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан үг хэлж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНХАУ-тай хийж буй худалдааг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж, экспортын хэмжээ, хөрөнгө оруулалт тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжинэ гэдгийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, хоёр орны хил орчмын худалдаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэг аж ахуй нэгжүүдийн хувьд томоохон боломжуудыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй, БНХАУ-ын Худалдааны яамны хорооны гишүүн, Дэд сайд Ли Фэй нар нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн. Тухайлбал , БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй, Монгол- Хятад экспог Хятад, Монгол цаашлаад Зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог бэхжүүлэх чухал үүрэгтэй хэмээн тодорхойлсон. Тэрбээр, цаашид хил гаалийн худалдаа, уул уурхай, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, боомтын дэд бүтэц, хилийн боомтын эдийн засгийн хөгжил, цөлжилттэй тэмцэх, хүмүүнлэгийн салбар, боловсрол, эрүүл мэнд зэрэгт эдийн засгийн эргэлтийг хурдасгахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, энэхүү арга хэмжээ манай хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах, шинэ технологид суурилсан хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэгчдийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол-Хятадын хамтарсан экспо нь "Иж бүрэн стратегийн түншлэл"-ийн хүрээнд хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ нь “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор зохион байгуулагдаж 35 улс, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын орон нутгийн 27 төлөөлөл, 3000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан бол Монгол Улсаас хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 500 гаруй аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.