Бидний нэрлэдгээр“Царцаа ногоон” буюу шинэчлэн сайжруулсан АН-2 онгоцтой болсноо Зам тээврийн яамныхан хэдхэн хоногийн өмнө сүржин мэдэгдэж байв. Орон нутагт нислэг үйлдэх чадвартай энэхүү онгоцыг Ерөнхийлөгчийн сонгууль угтаж оруулж ирлээ гэх яриа тухайн үед дэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үйлчлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ гэх хардлага байсан юм. Тэгвэл ОХУ-аас оруулж ирсэн хоёр онгоцны нэг нь Буянт-Ухаагаас хөөрөх гэж байгаад осолджээ. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх баг болон албаны хүмүүс, сэтгүүлчид байсан гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн, амиа алдсан хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, саяхан Боловсролын сайдаа “Математикын шалгалтын тест задарсан” гэдэг үндэслэлээр огцруулсан эрх баригчид энэ удаа онгоц осолдуулсан Зам тээврйин сайддаа хариуцлага тооцох болов уу гэсэн асуулт хариулт нэхэж байна. Нислэгийн зурваст онгоц осолдсон нь ЗТЯ-ныхны ажлын хариуцлага сул байгааг илтгэж байгаа хэрэг юм. Мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулсан нь энэ салбарыг эмзэг болгосон талаар мэргэжилтнүүд ам уралдан шуугих болсон. Зам тээврийн салбар гэдэг мэргэжлийн өндөр ур чадвартай албан хаагчыг шаарддаг. Тус салбарын сайд, дэд сайд нар нь нэг л учраа олохгүй байгаа. ОХУ-д очсон дэд сайд Төмөр замын даргыг томилох шийдвэрийг будилантуулсан ч хариуцлага хүлээгээгүй. Өнөөдөр онгоц унахад энэ салбарын сайд, дэд сайд, дарга нар бас л хариуцлага хүлээхгүй өнгөрөх үү? гэдэг асуултыг МАН-ын удирдлага болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас асуумаар байна.