Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь, Нүүрсний хулгай гэх мэт томоохон хэргүүдэд голлон шүгэл үлээлт нь Засгийн газраас эхлэлтэй. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх хэргүүдэд шүгэл үлээж, нийгмийн анхааралд өртүүлсэн гэхэд хол зөрөхгүй.
Гэвч эдгээр хэргүүд нь нийгэмд шуугиан тарьж эхэлсэн шигээ төгсөхгүй байна. Тухайлбал хөгжлийн банкны хэргүүд олны нүдийг бүлтгийлгэж, чихийг дэлдийлгэж эхэлсэн ч даржин төгсөв. Ихэнх нэр холбогдогч нь гэмт хэрэг хийгээгүй болж дуусаж байх шиг байна. Хөгжлийн банкны зээлийг авсан нь төлсөн болж, аваагүй нь дуугүй болж, өгсөн нь гэм буруугүй болж байгаа юм шиг. Угтаа бол өгч авалцахдаа хуулийг гууль болгож, дүрмийг цаас болгож, цагаан дээр хараар бичсэн олон дүрэм, журам, хуулийг зөрчсөн авч гэм буруугүй гэдэг шүүхийн алх цохиулж дөнгөв. Үүнд таатай хандахгүй байгаа гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа илэрхийлсэн.
Авлига хээл хахуулийн хэрэгтэй АТГ, цагдаа, прокурор тэмцэж байна. Гэвч хэрэг нээгээд бүртгээд, шалгаад гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулахаар шүүхэд шилжүүлдэг. Гэтэл шүүхээр уг хэрэг ороод гараад ирэхдээ бараг л 360 хэм өөрчлөгдөх нь энүүхэнд. Үүнд иргэд ч сэтгэл дундаар үлдэж, улс төрчид алга ташдаг гэхэд болно.
Иймээс шүүхтэй хийх тэмцлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлүүлэв бололтой. “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар Засгийн газрын хураддаанаас өчигдөр тогтлоо.
УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад баримт бичигт шүүх эрх мэдлийн хөгжил, шинэтгэлийн талаар дэвшүүлсэн зорилтуудтай уялдуулан Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын зорилго, зорилт, арга хэмжээний саналыг боловсруулжээ.
Төсөлд шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, шүүхийн хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон тогтвортой тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тусгажээ.