“Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөг болно

“Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөг болно

Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн улмаар ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Есдүгээр сарын 12, 13-ны өдөр Шадар ван Чингүнжавын талбайд болох өдөрлөгөөр үзэсгэлэн, худалдаанаас гадна “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж, гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах, уламжлалт идээ ундааг сурталчлах, органик мах, мах боловсруулалт, хоолны технологийн амталгаа, хоолны шоу үзүүлбэр болно. 

Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах” тухай 36 дугаар тогтоол гарч органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан.

Энэ хүрээнд “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” тухай Монгол Улсын Засгийн газрын 424 дүгээр тогтоол гарч Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр тогтоогдсон.

Дээрх тогтоолтой холбогдуулан зохион байгуулсан Хөвсгөл аймгийн “Малчдын зөвлөлдөх уулзалт”-аар 2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарласан бөгөөд тус жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулах цогц арга хэмжээ нь “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөг юм.

Хөвсгөл аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн хэвээр байна. Ямаан сүргийн тоогоор улсад нэгдүгээрт ордог, жилд 1.5 саяас 1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах нийлүүлдэг гээд Хөвсгөл аймагт мал аж ахуйн салбар орлогоороо тэргүүлдэг.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаярын мэдээлснээр мал аж ахуйн салбарт жилд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн эргэлддэг байна. Одоогоор аймагт мах бэлтгэлийн 7 үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрээ экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлого барьж ногоон технологи, инновац шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлж, гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө татахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.

Хөвсгөл аймаг мал аж ахуй газар тариалангийн салбартаа органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. 2022 онд НҮБ-ын ЮНЕСКО Хөвсгөл нуурыг “Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулсан юм. Мөнх цас, мөсөн голуудаас их авсан 46 гол горхи цутгадаг Хөвсгөл нуур нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны цэнгэг усны 74 хувийг эзэлдэг. Нуурын ай савыг тойрсон бэлчээрийн мал аж ахуй байгаль газарзүйн таатай нөхцөлд идээшлэн өсөн үржиж байгаа нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн их боломжтойд тооцогдож байна.