Засгийн газрын алсын хараагүй шийдвэр Ард олныг хүндхэн байдалд оруулж байна. Приус машины татварыг нэмэх шийдвэрийг Засгийн газрын гаргасан саналын дагуу УИХ-аас хууль гарган баталсан билээ. Уг хуулийн төсөл хэлэлцэгдэж байхад л иргэн, олон нийт, төрийн бус байгууллага, УИХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл уг татварыг нэмэхгүй байхыг эрх баригчдаас хүсч байлаа. Гэвч Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орохын тулд нэмэхээс өөр гарц байхгүй гэсэн мухайр тайлбартайгаар энэхүү татварыг нэмчихсэн.
Приус машины татварыг үйлдвэрлэсэн оноос хамаарч 250,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг хүртэл нэмэгдүүлсэн билээ. Энэ нэмэгдэл нь эргээд 9 сая төгрөгтэй байсан Приус 20 машины үнийг 12 сая төгрөг болгон хөөрөгдүүлчихээд байна.
2017 оны Тавдугаар сарын 22-ний өдөр Приус машины татварыг нэмсэн Төрийн шийдвэрийг эсэргүүцэж иргэд жагсаал зохион байгуулсан билээ. Уг жагсаалын үед О.Батсайхан гэгч иргэн өөрийн эзэмшлийн Приус 10 машиныг Сүхбаатарын талбай дээр шатаах гэж оролдсон. Энэхүү оролдлого нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн хуулийн эрхийн хүрээнд өрнүүлсэн гэсэн тайлбарыг О.Батсайхан тухайн үедээ өгч байлаа. Гэтэл тус үйл явдалтай холбогдуулан иргэн О.Батсайханыг Цагдаагийн байгууллагаас саатуулан, цагдан хориод байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 177-р зүйл анги буюу Төрийн эсрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр зандалчлах гэсэн зүйл ангид хамруулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
О.Батсайханы өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ: Үзэл бодлоо илэрхийлэх олон хэлбэр байдаг. Засгийн газрын буруу бодлогын эсэргүүцсэнийхээ төлөө О.Батсайханд тулгаж байгаа 10-15 жилийн хорих ялын зүйлчлэл нь санаанд оромгүй хэрэг. Ардчилсан улсад байж болохгүй зүйл. Иймээс О.Батсайханыг нэн даруй суллахыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөрөөс шаардаж байгаа гэлээ.
О.Батсайханыг жагсаал болдог 5 сарын 22 өдөр цагдан хориод өнөөдрийг хүртэл суллаагүй байна. Түүнийг 2 сарын хугацаанд үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байгаа гэв. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг хатуу цагдан хорьж, эрүүгийн хуулийн 10-15 жилийн хорих ялтай зүйл ангиар ял тулган мөрдөн шалгаж байгаа нь хүнлэг, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн цогцлооно гэсэн үндсэн хуулийн зорилго биеллээ олохгүй байна гэх шүүмжлэлд өртөж байна. иймээс энэхүү буруу шийдвэртээ төр анхаарах хэрэгтэй гэж олон нийтийн зарим төлөөлөл хэлж байна.
Приус машины татвар нэмсэн асуудлаа Засгийн газар эргэн харахаар болсон. Өнгөрсөн 7 хоногт уг татварын үйлчлэх хугацааг хойшлуулах хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Гэтэл татвар нэмсэн хугацаанд хилээр орж ирсэн машины татварыг ченжүүдэд буцаан олгоно. Тэглээ гээд 9 сая төгрөг байсан Приус 20 машин 12 сая төгрөгнөөсөө буцаад хямдрах уу? Энэ хугацаанд машин худалдан авсан иргэн ченжүүдээс зөрүү мөнгөө авч чадах уу?
Зандачлах гэх зүйл ангиар ял тулгуулан эрүүгийн хэрэгт холбогдсон О.Батсайхан гэгч иргэн гэм буруугүй гэсэн шийдвэр өвөртлөөд гэртээ харьж чадах уу?
Засгийн газрын өнөөдрийн өөхөө бодож, маргаашийн уушгины тухай мартсан МАНгар шийдвэр нь ийнхүү ол\он айлд дарамт, шахалт, амьдралын бэрхшээлийг авчирчихлаа. Төр нь түмнээ бодохгүй хэдхэн хоногийн настай харалган шийдвэрийг хэзээ болтол гаргах вэ?