Эмнэлгүүдэд 25 нэр төрлийн 677 сая төгрөгийн тоног төхөөрөмж өглөө

Эмнэлгүүдэд 25 нэр төрлийн 677 сая төгрөгийн тоног төхөөрөмж өглөө

ДЭМБ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн хүрээнд, эх, нярай, хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа.

Тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг ДЭМБ-д гүн талархал илэрхийлээд “Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтууд нь зөвхөн эх, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудал бус тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад шаардлагатай өргөн хүрээний цогц үйл ажиллагаа юм. Олон улсын байгууллагууд хамтран “Сэргийлэх боломжтой эх, нярай, хүүхдийн нас баралтыг тэглэх” хэтийн зорилго, өвөрмөц зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Дэлхий нийтийн өмнө тавьсан энэхүү зорилгод хүрэхийн тулд ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм” гээд Баян-Өлгий, Булган, Дорнод, Хөвсгөл аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай 25 нэр төрлийн 677 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангаж буйг хэллээ.

Тэрбээр мөн эх, хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр эмнэлгүүдийг хангаж буй нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцлоод “Дэлхий даяар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад хамтын ажиллагаа хэчнээн чухал болохыг олон олон үйл явдал, сургамж бидэнд сануулсаар байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд оновчтой зөв удирдлага хамгаас чухал тул эрхэм та бүхнийг эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд удирдлагын манлайлал үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.


ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокоро Эскаланта эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд хамтран ажиллаж буй Эрүүл мэндийн сайд болон ЭМЯ-ны хамт олонд талархал илэрхийллээ.

ДЭМБ-ын дэмжлэгтэй төсөл хэрэгжиж буй Баян-Өлгий, Булган, Дорнод, Хөвсгөл, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай нярайн СПАП, хүүхэд, нярайн зүрхний бичлэгийн аппарат, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, фотоаппарат, өвчтөний олон үзүүлэлттэй хяналтын монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, нүд, чихний дуран, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр, хүүхэд, нярайн сургалтын манекан, хүүхдийн даралтны аппарат, судас тодруулагч, хүүхдийн биеийн дулаан хэмжигч цаг, нярайн ор, хүүхдийн яаралтай тусламжийн тэргэнцэр, онлайн хурлын хэрэгсэл зэрэг 25 нэр төрлийн 677 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокоро Эскаланта нар гардуулан өглөө.

 Тоног төхөөрөмж гардаж авсан зарим эмнэлгийн удирдлагуудын сэтгэгдлийг сонссон юм.

“Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ц.Батболд:

-Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д туссан эх, нярайн эндэгдлийг бууруулах, сэргийлж болох эндэгдлийг тэглэх, дундаж наслалтыг уртасгах, эрүүл амьдралыг дэмжих зэрэг томоохон зорилтуудыг хангахад анхаарч ажилладаг. Энэ хүрээнд ДЭМБ-аас “Эх нярайн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг 2021-2023 онд хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлж буй орон нутгийн таван аймаг, нийслэлээс манай “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт нэн шаардлагатай эмчилгээ, оношлогооны тоног төхөөржмийг гардан авлаа. Энэхүү төсөл нь эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд ажлын байрны болон онлайн сургалт явуулах, тоног төхөөрөмжөөр хангах, нярайн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийх зэрэг бусад олон ажлыг ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаа:

-Энэхүү төсөлд орон нутгаас манай сумыг сонгосон. Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг өөрийн гэсэн онцлогтой. Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам, төмөр замтай, экспорт, импортын бүх ачаа тээвэр дамжин өнгөрдөг олон улсын хилийн боомт учраас орон нутгийнхнаар хязгаарлагдахгүй дамжин өнгөрч буй гадаад, дотоодын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатараас 660 км алслагдсан сум гэдгээр уг төсөлд ЭМЯ-ны бодлогоор тусгайлан хамруулсан юм.

Төслийн хүрээнд манай эмнэлэгт дөнгөж төрсөн нярайд зориулсан дулаацуулах ширээ, нүд, чихний дуран, амьсгалын бэрхшээлтэй нярайд шаардлагатай СПАП хэмээх өндөр өртөгтэй аппарат зэрэг 23 нэр төрлийн 60 ширхэг 199 сая төгрөгийн багаж, төхөөрөмжийг өглөө. Энэ бидний ажилд тухайлбал, эх нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук:

-Манай аймаг төслийн хүрээнд 20 төрлийн 57 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Баян-Өлгий аймаг хотоос алслагдсан, төрөлт болон өвчлөл ихтэй аймгийн тоонд ордог. Хүүхдийн тасаг маань гурван жилийн өмнө 50 ортой эмнэлгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан хүндрэл үүсээд байсан.

Сүүлийн жилүүдэд эх, нярайн эндэгдлээр улсын дунджаас өндөр явж ирсэн. Эдгээр тоног төхөөрөмжийг авснаар эх, нярайн эндэгдэл буурна гэдэгт итгэлтэй байна. Мөн алслагдсан аймаг, сумдад цахимаар сургалт явуулахад шаардлагатай дэлгэцийг иж бүрдлээр нь өглөө. Энэ нь хүүхдэд аюултай, хүнд шинж тэмдэг илэрсэн, хот руу тээвэрлэх боломжгүй үед газар дээр нь сургалтын өрөөндөө онлайнаар төрөлжсөн мэргэшлийн эмч нараас сургалт, зөвлөгөө авах боломжтой болж буй юм.