Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сан хооронд “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ”-г байгуулж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.
Дээрх гэрээ болон төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2023 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 536 дугаар захирамжаар жирэмсэн болон төрсөн эхчүүдэд тодорхой дэмжлэг үзүүлэхтэй холбоотой асуудлаар цахим хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Азийн сангийн төлөөллийг оролцуулан байгуулсан юм.
Ажлын хэсгээс 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.
Жирэмслэлт нь эмэгтэйчүүдийн амьдралын чухал үе бөгөөд эх болон ургийн эрүүл мэндэд хоол тэжээл чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн эмэгтэйн бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилт, ураг эхэс бүрэлдэн хөгжих зэрэг шаардлагын улмаас эрдэс, шим тэжээлийн бодисын хэрэгцээ нэмэгдэж, энгийн үеэсээ илүү шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог.
Хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д аминдэмийн дутал 75,4 хувь, төмрийн дутал 29,4 хувь, цус багадалт 21,4 хувь байна. Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж, 2000 оноос 6-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөг хүртэл олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтгүй, жирэмсэн эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь л тус бэлдмэлийг хэрэглэж байгаа аж.
“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл ЭНД дарж асуумж бөглөнө үү.