Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх 2023-2024 төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Тус төслийн нэгдүгээр зорилтын хүрээнд Менторийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ингэхдээ баруун, зүүн, төвийн бүсийн 13 Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албыг сонгон гишүүдийг чадавхжуулах, кейс менежмент болон шийдвэрлэлтийг сайжруулах, мэдлэг, ур чадварын ахисан түвшний сургалтыг зохион байгуулсан. Сургалт, зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг үзүүлснээр Хорооны гишүүдийн мэдлэг ур чадвар 33 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 13 хорооны 35 кейст арга зүй өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Хоёрдугаар зорилтын хүрээнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гамшгийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж боловсруулж хорооны гишүүдээс санал авахаар хүргүүлсэн.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд үзүүлж буй нөхөн сэргээх үйл ажиллагааны арга зүйг боловсруулах ажиллагааны сонгон шалгаруулалт хийж, одоогоор арга зүй боловсруулж байна.
Гуравдугаар зорилтын хүрээнд Үе тэнгийн дээрэлхэлт, интернет, нийгмийн сүлжээн дэх зохисгүй хэрэглээ, ёс зүйн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх бүтээлч дэвтрийг боловсруулан гаргасан. Энэхүү “Дижитал мастерууд” буюу бүтээлч ажлын дэвтрийг 9-12 насны хүүхдүүдэд танилцуулах, ойлголт, дадал хэвшил олгохоор сургагч багш бэлтгэж эхлээд байна.
Мөн үе тэнгийн манлайлагчдаар дамжуулан цахим хэрэглээний ёс зүй, нийгмийн сүлжээ болон интернэтийн зохистой хэрэглээний талаар видео материал бүтээх, дэлгэрүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа билээ.
Цаашид төслийн үйл ажиллагааны үр дүн, үйл явцыг олон нийтэд хүргэх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, нийгмийн ажилтантай хамтран цахим орчинд дахь үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын арга зүйн зөвлөмжид санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо.