УИХ-ын гишүүн А.Сүхбат гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хэлэлцэх явцад өрнө, дорно гэсэн үзэл гаргаж олон хүний эгдүүцлийг төрүүлэв. Өрнийн хуулийг хуулбарлан авах нь дорны соёлтой Монгол нийцэхгүй тухай эрхэм гишүүн өгүүлнэ лээ. Үнэндээ өрнө, дорно гэдэг бол өөр соёл, өв уламжлалтай нь үнэн. Гэхдээ бид дорныхон гээд эцгийн эрхт ёсыг дээдэлж эхнэр хүүхдээ зандрах нь өнөөдрийн нийгмийн төлөвшил байж яавч болохгүй.
УИХ-ын гишүүн А.Сүхбат
Түүний ярианы гол цөм нь хайртай хүүдээ хатуухан үг хэлж болохгүй юу гэсэн утга санааг агуулжээ. Гэтэл Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль нь хүүхдээ хүмүүжүүлэх тухай биш харин гэр бүлийнхээ гишүүдийг дарамтанд байлгах эсэх тухай ярьж байгаа гэдгийг эрхэм гишүүн илүүтэй тунгааж энэ өнцгөөс нь асуудалд хандах нь зөв болов уу?
Гэр бүлийн хүчирхийлэлд баян, ядуу, боловсролтой боловсролгүй, хөгшин залуу хэн ч өртөж болно. Дэлхийн хаана ч гэр бүлийн хүчирхийлэл бол хүний эрхийн ноцтой зөрчил байсаар байна. Харин үүний цаана хүүхдүүдийн сайн сайхан байдал алдагдаж, тэдний эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлж байдаг. Харин хохирогч буюу эмэгтэйн хувьд бие махбодийн гэмтэл авч, сэтгэл санааны хямралд ороод зогсохгүй ажлаа алдах, гэр оронгүй болох, найз нөхдөөсөө холдож хөндийрөх тохиолдол байсаар байдаг. 2013 онд гаргасан судалгаагаар гурван жилд гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Харин 2015 оны дүн мэдээг сөхөн харахад 3 жилийн хугацаанд улсын хэмжээнд гэр бүлийн гишүүн, хайртай дотны хүнийхээ гарт 61 хүн амиа алдсан бол, 2015 онд гэхэд 2 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан гэх статистек мэдээлэл зүрх зүсч байна. Үүний нэг нь нийгмийг цочрол айдаст автуулсан төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан 4 настай охины хэрэг байсан юм. Судалгаагаар монгол улсад гэр бүлээ цуцлуулж байгаа 5 гэр бүл тутмын 1-2 нь гэр бүлийн хүчирхийллээс болж салдаг гэжээ. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангид гэр бүлийн хүчирхийллээс үүдэн бусдын амь насыг хохироосон 38 эмэгтэй ял эдэлж байна.
Бас нэгэн судалгааг сөхөн харуул Монгол улсад жилд 300 орчим хүн амь насаа алдаж байна. Эдгээрийн 60 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байгаа тухай сэтгэл эмзэглүүлсэн тоо зурайж байна.
Гэр бүлээ цуцлуулж байгаа 5 гэр бүл тутмын нэг нь ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас салах өргөдлөө өгч байна. Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа 42 эмэгтэйн 32 нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байгаагаа удаа дараа хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, аврал хүсч байжээ. Гэвч хууль эрх зүй хангалтгүй. Тэднийг хамгаалах эрх зүйн орчин байхгүйн улмаас эцэс сүүлд нь бие хамгаалсан нь гэмт хэрэгтэн болгож ял эдлэхэд хүргэсэн тухай нулимс цийлэгнүүлэн ярьдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд 10 гаруй жил болчихож. Гэвч уг хууль байсаар байтал гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, хохирох хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн цаад шалтгаан нь зохицуулалт хангалтгүй байгаатай холбоотой. Үүнийг л сайжруулах нь хууль тогтоогчдын эрх үүрэг.
Гэтэл А.Сүхбат зэрэг гишүүд уг хуулийг шинээр батлахаасаа цааргалж, харин ч хуучин хууль алдаа магадтай хэвээрээ байг гэх хандлагатай байгаа нь эргээд олон хүний эгдүүцлийг төрүүлж байна.