Аз жаргал гэгч биднээс хол зүйл биш ээ. Өнөөдөр амьд мэнд, алдаж онож яваа минь ч аз жаргал юм. Харин эрүүл мэндгүйгээр аз жаргалтай байх боломжгүй гэж Белинский хэлсэн байдаг.
Таниас асууя
- Та хамгийн сүүлд хэзээ эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргаж, эмнэлэгт үзүүлсэн бэ?
- Танд ямар нэгэн зовуурь, хууч өвчин бий юу?
- Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж чадаж байна уу?
- Магадгүй та эрт илрүүлэгийн талаар мэдэхгүй явж байгаа юм биш биз
Монголчууд бид цөөхүүлээ. Гэвч харамсалтай нь ДЭМБ-д бүртгэлтэй 183 орноос Манай улс дэлхийд элэгний хорт хавдраараа тэргүүлж байна. Араас нь ходоод уушги улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар удаалж байна. Зүрх судасны өвчлөлийн дараа нас баралтын хоёрдугаарт ордог хорт хавдар нь бидний цаг үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Манай Монголчууд азтай, эх оронтой сайхан гэж цээжээ дэлдээд л байдаг, үнэндээ азгүй улс юм байна. Өвдөж үхэх нь амархан. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бид бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт цаг тухайдаа орж байх шаардлагатай.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны баримт бичиг “Алсын хараа 2050”-д “Иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношлогоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог өнгөрсөн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна. Одоогоор эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны 7 сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 1 сая гаруй хүн хамрагдаад байна. Энэ тоо бас ч чамлахааргүй тоо. Орон даяар зохион байгуулж байгаа энэхүү эрт илрүүлэгт бид бүгдээрээ хамрагдсанаар хүний биед байгаа ямар нэгэн өвчнийг эрт үед нь илрүүлж, түүнийг бүрэн төгс эмчилж, хүндрэл, нас баралтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Тэгвэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг гэж юу вэ? Скрининг буюу эрт илрүүлэг гэдэг нь “Эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж Эрүүл мэндийн яамнаас тодорхойлсон байдаг. Мэдээж хэрэг өвчин эмгэгийг эрт илрүүлж, оношилгоо авна гэдэг ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулж, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх томоохон үр дүнтэй. Хэрвээ хүн өвдсөн тохиолдолд эмчилгээнд зориулж 11-12 сая төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо судалгаа бий. Харин тухайн хүн жил бүр эрүүл мэндийн даатгалаа төлөөд эрт илрүүлэгтээ хамрагдаад явбал энэ эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. ДЭМБ-ын гаргасан тооцооллоор ч гэсэн тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар зүрх судасны өвчлөл, чихрийн шижин өвчний хоёрдугаар хэв шинжийг 50 хувь хүртэл бууруулж. Хорт хавдрын нас баралтыг 25-35 хувь бууруулна гэсэн тооцоолол байгаа. Дээрээс нь эрт илрүүлгийг хэрэгжүүлснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, эрүүл амьдрах бүрэн боломжтой болно.
Бүгд л эрүүл мэнд бүхнээс илүү үнэ цэнэтэй гэж ярих боловч хэн ч үүнийгээ баримталдаггүй. Нийгэм өөрөө маш хурдтай хөгжиж, үүнтэй холбоотойгоор хүний амьдралын хэв маяг, амьдрах орчин, хоол хүнс гэх мэт олон зүйлд маш их өөрчлөлт орж байна. Үүнийг дагаад зарим өвчний тохиолдол нэмэгдэж байгаагийн нэг нь хавдрын өвчлөл юм. Аливаа хавдрыг эрт оношилбол бүрэн эдгээх магадлал өндөр байдаг ба эдийн засгийн хувьд иргэнд ч, нийгэмд ч үр ашигтай. Хавдар бол өнөөдөр ганцхан манай улсад тулгамдаад байгаа асуудал биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр зөвхөн 2012 онд л гэхэд уушиг, элэг, ходоодны хорт хавдрын улмаас 8,2 сая хүн нас баржээ. Технологи, эмчилгээний боломжууд хөгжиж байгаа хэдий ч 2030 онд хорт хавдраас шалтгаалсан нас баралт 13.1 саяд хүрнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага таамаглаж байна. Иймээс урьдчилан сэргийлэх эрүүл амьдрах дадал зуршил, эрт оношлох нь нэн тэргүүнд тавигдаж байна.
Монголчуудын хувьд эрүүл мэндийн боловсрол дутмаг мөн хэнэггүй, хүндрүүлж хожуу шатандаа орсон байдалтай аврал эрээд эмнэлэг барааддаг ч эцэстээ амиа алддаг. Манай улсад хорт хавдар дандаа III, IV шатандаа оношлогдож байна. Харин тухайн өвчилсөн хүний амьдрах чадвар нь нэгхэн жил байдаг. Энэ бол маш харамсалтай тоо баримт. Жишээлбэл, ходоодны хорт хавдрыг бид эрт илрүүлчих юм бол эмчилгээ нь маш амархан байдаг. Харин сүүлийн шатандаа орчихсон бол ходоодыг нь авахаас өөр арга байдаггүй. Хорт хавдар, өвчнөөс сэргийлэх үүрэг нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хариуцлага бус иргэн бүрийн идэвхи оролцоо юм. Одоо цагт өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг үгийн эсрэг болсон үе. Тийм учраас үндэсний баялаг болсон монгол хүн та эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд гэр бүл, ойр дотнынхоо хүмүүсийг идэвхтэй хамруулаарай гэж уриалж байна.