Хоносон архин дээр ажиллаж торгууль тавьдаг Замын Цагдаагийн үйлдэл ёс зүйтэй алхам уу?
Улаанбаатар хотын өглөө бүр Замын цагдаагийн албан хаагч бүр уралдан зам дээр гарч зогсдог “МООД” дэлгэрэв бололтой. Ялангуяа Бямба, Ням, Даваа гарагийн өглөө ийм хандлага илүү нэмэгдэнэ. Тэд чухам Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулахын тулд ингэж үүр цаймагц үнэнч зангаар ажилдаа хөтлөгдөн зам дээр энхийг сахиулах эрхэм үүргээ гүйцэтгэж байна гэвэл том эндүүрэл.
Замын цагдаагийн албан хаагчдын дийлэнх нь өглөө бүр замд түгжрэл үүсгэн жолооч нарыг үнэртүүлэх болов. Ийм байдлыг гаргаад удаж байна. Нэг талаасаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх алхам хийж байгааг үгүйсгэх арга үгүй. Гэхдээ үүний цаана таван цаас олчих гэсэн муйхарлал, нөгөө талдаа дээрээс үүрэгдсэн орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх гэсэн бачуурал нөлөөлдөг байх гэмтэй. Ингэж хэлэх хамгийн том шалтгаан нь Замын цагдаагийн олон албан хаагчийн чоно борооноор гэгчийн үйлдэл юм.
Өглөө эрт авто машин жолоодож байгаа хүний өмнөх өдөр уусан архи нь бүрэн гараагүй байх талтай. Ухаан санаа, уураг тархи нь эрүүл хэдий ч дотор эрхтэн нь уг архины үнэрийг шингээгээгүй гэсэн үг. Ийм үед нь Замын цагдаагийнхан зогсоож үнэртүүлэн архи уусан гэх үндэслэлээр торгох, жолоо барих эрхийг нь хасах үйл ажиллагааг хийх болов. Энэ тэгээд ёс зүйтэй алхам мөн гэж үү?
Зам тээврийн ослын улмаас жилд 300-400 хүний амь нас эрсдэх болов. Үүний цаана согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийн болон бусдын амь насыг хохироосон хэрэг бий. Гэхдээ ийм хэрэг нь өглөө үүр цайсан хойно зам дээр гардаг гэвэл эндүүрэл. Ихэнх согтуугаар зам тээврийн осол гаргасан жолооч нар орой үдшийн цаг, орон нутгийн замд осол гаргадаг байна. Харин өглөө эрт ажилдаа явж байхдаа согтуугаар зам тээврийн осол гаргасан тохиолдол маш цөөхөн. Үүнийг мэддэг хэрнээ архи нь гарч амждаггүй иргэний халаасыг ухахын тулд Замын цагдаагийн албан хаагч нар өглөө бүр отолт хийж, таван төгрөг олохын тулд та биднийг анаж зогсдог болов. Энэ тухай иргэн Ч.Ганхуяг өнөөдөр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. Түүний илэрхийлсэн байр суурийг харсан олон иргэн санал нэгдсэн байна.