Хөдөө орон нутгийн залууст электроникийн суурь ойлголт өгөхөөс гадна робот угсран түүн дээрээ код бичих программчлалын Робокид сургалтыг орон нутагт зохион байгуулах сургагч багш бэлтгэлээ.
Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Unitel групптэй хамтран, өсвөр үе, хүүхэд, залууст интернет, компьютер, ухаалаг төхөөрөмж ашиглах боломж олгох, тэднийг сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээс гадна техник сэтгэлгээг хөгжүүлэх, суурь ойлголтуудыг олгох зорилгоор "Unitel hub" танхимыг 11 аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд байгуулаад байна.
Энэхүү ажлын хүрээнд электроникийн суурь ойлголт олгох, бичил программчлалын АРДУИНО хавтан дээрх Электрокид сургалт, робот угсран, түүн дээр код бичих программчлалын Робокид сургалтуудыг орон нутагт зохион байгуулах сургагч багшаар 11 аймгийн 22 залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнийг бэлтгэлээ.
Эдгээр сургагч багш нар цаашид орон нутгийн өсвөр үе, залууст кодчилолын анхан шатны мэдлэг, электроны элементүүдийг таньж, ажиллах зарчмын талаар мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, анхаарлаа төвлөрүүлж сурах, багаар хамтран ажиллах зэрэг чадвар эзэмших зэрэг олон давуу талуудыг сургалтын явцад олж авах боломжтой юм гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.