Газар тариалангийн бүс нутагт ажиллаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр "Нүүрсний хулгай гэж зөндөө л зүйл болж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдаад ирэхээрээ л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болдог юм. Хүний эрхийг тэгтлээ хүндэлдэг байсан байсан юм бол яагаад авлига хийв гэдэг асуудал үүсч байгаа юм. Харин авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг хулгайлдаг, замыг чанаргүй болгодог, төсөвт орох байсан мөнгийг хувьдаа ашигладаг. Тиймээс олон асуудлыг Засгийн газар ил болгож байгаа. Үүний үр дүнд 2023 онд Монгол Улсын төсвийн орлого анх удаа 1.7 их наядаар давж биелсэн" гэлээ.