Энэ амьдралд ирсэн хувь заяа, эрх жаргал, үүрэг, хариуцлагынхаа аль нэгэнд жингийн туухайгаа хэлбийлгэлгүй гэрэл сүүдрээ эн тэнцүүхэн үүрч өөр өөрийн зорилго, тэмүүллээрээ тус тусынхаа ертөнцийг бүтээж яваа таван бүсгүйн ажил, амьдралыг харуулсан Монгол, Япон улсын эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Таван амьдрал" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
Эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" нэгдлээс зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэн нь "Амьдрал" хэмээх нэгэн сэдвээр дагнасан бөгөөд эргэх дөрвөн улирал, сар, жилүүдийн туршид сонгосон дүрээсээ дурангаа үл салган, амьдралынх нь хэмнэл, замналын дүрст түүхийг бичсэн нь зөвхөн түүний амьдралын төдийгүй гэрэл зургийн түүх, сан хөмрөгийг баяжуулж байгаад үнэ цэн нь оршино.
Тус үзэсгэлэн 09 сарын 18-23-ны өдрүүдэд Уран зургийн галарейд үргэлжилнэ гэж Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос мэдээллээ.