Ардчилсан намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй зургаан хүн нэр дэвшээд байна гэсэн мэдээлэл тараад байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болдоос тодруулга авлаа.
Таныг Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
Ташаа мэдээлэл байна. Би даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээгүй ер нь ч нэрээ дэвшүүлэхгүй гэж бодож байгаа.
Таныг энэ албан тушаалд хамгийн тохирох хүмүүсийн нэг гэж ярьж бичдэг, та ч өөрөө хүнд үед нь намдаа түшиг болохоос буцахгүй гэж ярьж байсан. Гэтэл яагаад даргын сунгаанд орохгүй гэж?
Сая болсон намын их хурлаас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, сунгааг зохион байгуулах тухай чиглэл их өөрчлөгдсөн байна. Наад зах нь бодлого, хөтөлбөрөөрөө биш мөнгөөр өрсөлдөх шалгуурыг хамгийн эхэнд тавьжээ. Ер нь намын их хурлын ололттой шийдвэрүүдийг хүчингүй болгож үр дүнгүй ажил болгон хувиргаж байгаа байдлаас харахад одоо манай намын толгойд байгаа нөхөд сунгааг шударгаар явуулах биш ямар нэг аргаар луйвар хийж байр сууриа хадгалж үлдэх хүсэлтэй байх шиг байна. Тиймээс би нэрээ дэвшүүлж тэдний эсрэг шинэчлэлийн төлөө гэсэн хүмүүсийн хүчийг тарамдуулахын оронд зөв хүнийг нь дэмжиж ажллая гэж бодож байгаа. Миний хувьд бол дарга, цэрэг байхаас үл хамааран ардчиллын төлөө, Ардчилсан намын төлөө тэмцсээр байх болно.
Тэгвэл та энэ сунгаанд хэнийг дэмжиж ажиллах бодолтой байна?
Одоогоор хэн хэн албан ёсоор нэр дэвшсэнийг ч мэдэхгүй байна. Ер нь бидний хэсэг үзэл бодол нийлсэн нөхөд Монгол ардчиллын нэгдэл буюу МоАН санаачилга гэж байгуулан ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, ардчиллын төлөө улс төрийн хүчнүүд тэр дундаа Ардчилсан намыг шинэчилж сайжруулахын төлөө нийгэмд хандсан олон ажил хийж байгааг та бүхэн мэдэх байх. Тиймээс МоАН дээрээ хэлэлцэж ярилцаад хэн хэнийг дэмжихээ шийднэ.
Эх сурвалж: Өглөөний сонин