ГССҮТ, Түлэнхийн төвийн дэд захирал О.Хишигсүрэн: Энэ жилээс нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмч нарыг Монголдоо бэлтгэж эхэлсэн
“Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг”-ийн 7 дах удаагийн чуулга уулзалт өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтаар нөхөн сэргээх гоо сайхны мэс засал хийдэг улсын болон хувийн эмнэлгүүдийн төлөөлөл оролцож ололт, амжилт, туршлага мэдээлэл солилцож, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэг хийдэг уламжлалтай. Энэ жилийн чуулга уулзалтаар “АНУ-ын пластик мэс заслын нийгэмлэг”, “Монголын арьс судлаачдын нийгэмлэг”-үүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингээд бид ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн дэд захирал, Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн тэргүүн О.Хишигсүрэнтэй ярилцлаа.
“Монголын нөхөн сэргээх гоо засалчдын нийгэмлэг”-ийн тухай?
“Монголын нөхөн сэргээх гоо засалчдын нийгэмлэг” нь 8 жилийн өмнө нөхөн сэргээх мэс заслын эмч мэргэжилтнүүд санаа нэгдэн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Нөхөн сэргээх мэс засалчдын нийгэмлэг улс орон болгонд нэгээр тогтохгүй байдаг боловч манай улсад нэг ч байхгүй. Гэвч жил ирэх тусам гоо сайхны эмнэлэг, эмч нар шинээр нэмэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа ч хаана харьяалагдаж нэгдэж, сургалт мэдээлэл солилцох вэ гэдэг асуудал тулгамдсан учраас нийгэмлэгээ байгуулах цаг хугацаа болсон байна гэж үзэж найман жилийн өмнө дүрэм журмаа батлан байгуулсан.
Өнгөрсөн хугацаанд нийгэмлэгээс зохион байгуулсан ажлуудаас дурдвал?
Миний хувьд ажлаа хүлээн аваад хоёрдох жилдээ явж байна. Нийгэмлэгээс хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлэхээс гадна гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд стандарт тогтоож гаргаад ЭМЯ-нд дээр батлуулахаар өргөн бариад байна. Дараагийн хэрэгжээд байгаа томоохон ажлын нэг нь Монголд гоо сайхны мэс заслын эмчээр бэлтгэн сургадаг боловсролын байгууллага байдаггүй эмч нар маань гадаад мэргэжил дээшлүүлэн суралцдаг байсан. Бид ОУ-ын болон АНУ-ын хөтөлбөрүүдийн дагуу хөтөлбөрөө бэлтгэн хөгжлийн төв, ЭМЯ-нд хүсэлт өгсний дагуу хөтөлбөр маань батлагдаж энэ жил хамгийн анхны “Нөхөн сэргээх мэс заслын үндсэн резидэнт”-ийн сургалт элсэлт авсан. Мөн гоо сайхны мэс засалчдын мэргэжлийн зөвлөл гэж байдаггүй өөр өөрсдийн салбар салбартаа харьяалагдаад явж байсныг нэгтгэхээр ЭМЯ-нд хүсэлт өгсөн байгаа.
Чуулга уулзалтын үр дүн?
Жил бүр нөхөн сэргээх мэс заслын эмч нар болон гоо сайхны мэс заслын эмч нар цуглан чуулга уулзалт хийж амжилт ололт, туршлагаа хуваалцаж, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ хэлэлцэж илтгэл тавьдаг. Энэ уулзалтаар жилээс жилд улам сайжирч судлаачдын илтгэлийн чанар, хийсэн ажлын үр дүн дээшилсэн харагдаж байгаа нь чуулга уулзалтаас хүлээгдэж буй үр дүнгийн биелэлт юм.
Нийгэмлэгийн алсын хараа?
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Солонгос, Тайван, Тайланд, Сингапур зэрэг гоо сайхны мэс заслын нийгэмлэгүүдтэй хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан. Жил бүр зохион байгуулах хурал, уулзалт сургалтуудад нийгэмлэгийнхээ гишүүн эмч нарыг хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ жилээс АНУ-ын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийгэмлэгийн гол үүрэг нь сургалт, уулзалт зохион байгуулах, мэргэжлийн зэрэг дэв олгох, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах юм.
Нийгэмлэг нь эмнэлгээр нь бус эмчээр нь бүртгэж элсүүлэн авдаг уу?
Тийм. Сүүлийн үед бид эмчээс гадна, эмнэлгүүдийг бүртгэн нийгэмлэг элсүүлэх ажил дээр төвлөрч байгаа. Энэ нь эргээд уулзалт арга хэмжээ зохион байгуулахад улам хялбар болох юм.
Танд баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсэе.