Монгол Улсаас Албани Улсад хавсран суух Элчин сайд Ц.Нарантунгалаг Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Албани Улсад хавсран суух Элчин сайд Ц.Нарантунгалаг Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Ерөнхийлөгч Баярам Бегаяд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Албани Улсын Ерөнхийлөгч Б.Бегаяд уламжилж хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах, Албани Улсаас кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага суралцах сонирхолтой байгааг хэлэв. Албани Улсын Ерөнхийлөгч Б.Бегая Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлэв.

Талууд Албани Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон 3 дахь улс бөгөөд 1949 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хадгалж ирсэн, сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа олон талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхжиж байгааг онцлон тэмдэглэв.