Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын анхны орон нутгийн бондыг гаргаж байна. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн билээ.
Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм.
Улаанбаатар хотын бондыг 2023 оны аравдугаар сарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаална.
Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ubbond.bdsec.mn/ холбоосоор, мөн тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК: (976) 7555 1919, дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261, (976) 11 311944, дэд андеррайтер Голомт Капитал ҮЦК: (976) 7012-1530 тус тус холбогдон авах боломжтой.
Улаанбаатар бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын бодлогын баримт бичиг болох "Алсын хараа 2050" болон Нийслэлийн 2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэж байгаа бөгөөд авто замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүртээмж зэрэг асуудлыг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой.