П.Сүхбаатар: Иргэн хуулийн этгээд, бараагаа гаальд мэдүүлэхээсээ өмнө бараагаа үзэх, хэмжих, дээж сорьц авах, магадлан шинжилгээ хийлгэж, бичиг баримттайгаа танилцах эрхтэй

П.Сүхбаатар: Иргэн хуулийн этгээд, бараагаа гаальд мэдүүлэхээсээ өмнө бараагаа үзэх, хэмжих, дээж сорьц авах, магадлан шинжилгээ хийлгэж, бичиг баримттайгаа танилцах эрхтэй

Гаалийн мэдүүлэгчийн хууль ёсны эрх, үүрэг, мөн гаалийн бүрдүүлэлтийн үйл явц, шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол хэрхэн гаргах талаар Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн Гаалийн улсын байцаагч П.Сүхбаатараас тодрууллаа.

- Мэдүүлэгч гэж хэнийг хэлэх вэ. Мэдүүлэгч гаальд хэдэн янзаар мэдүүлж болох вэ?

- Гаалийн мэдүүлэгч гэж “Гаалийн тухай хууль”-д зааснаар бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ. Гаалийн мэдүүлэгч гаалийн байгууллагад мэдүүлэх хэд хэдэн төрлүүд байдаг. Нэгдүгээрт, бичгээр мэдүүлж болно. Өнөөдрийн байдлаар гаальд цахимаар мэдүүлдэг болсон. Мөн зорчигч хувийн хэрэглээний эд зүйлс, шуудан илгээмжийнхээ барааг гаалийн байгууллагад амаар мэдүүлж болно. Хоёрдугаарт: Биеийн хөдөлгөөнөөрөө буюу үйлдлээрээ гаалийн байгууллагад мэдүүлж болно.

Биеийн хөдөлгөөн буюу үйлдлээрээ гаалийн байгууллагад мэдүүлэх гэдэг нь ямар нөхцөлд хэрэгжих вэ гэвэл улаан буюу ногоон гарц бүхий гаалийн хяналтын бүсэд биеэрээ гаалийн байгууллагад мэдүүлэх гэсэн ойлголт байдаг. Тухайлбал, зорчигч ногоон гарцаар гарч байгаа тохиолдолд гаалийн байгууллагад мэдүүлэх бараа, хувийн эд зүйлс, валют, хориглосон буюу хязгаарласан зүйлс байхгүй гэдгийг биеэрээ, үйлдлээрээ илэрхийлж байгаа гэсэн үг юм. Энэ үйлдлийг гаалийн байгууллага гаальд мэдүүлэх бараа, тээврийн хэрэгсэл байхгүй гэж мэдүүлсэн гэж ойлгоно.

Зарим тохиолдолд гаалийн байгууллага тодорхой зөрчил бүхий этгээд байна гэж үзсэн эсвэл мэдээлэл авсан тохиолдолд биечлэн шалгалт хийж болно.

- Мэдүүлэгч ямар эрхтэй вэ?

- Мэдүүлэгч нар тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж, гомдол гаргана гэдгийг би хэлсэн. Ямар эрхүүд эдлэх вэ гэхээр мэдүүлэгч бол юуны өмнө гаалийн байгууллагад тухайн бүрдүүлэлтийн горимуудыг сонгоно. Тухайлбал бүр мөсөн оруулж байгаа юм уу, түр хугацаагаар оруулж байгаа юм уу, гаалийн нутаг дэвсгэрээс бүр мөсөн гаргаж байгаа юм уу гэдэг Гаалийн бүрдүүлэлтийн тодорхой ангилал, төрлүүд байгаа. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр оруулах, гаалийн хилээр гаргах нь дотроо олон төрөлтэй. Энэ бүрдүүлэлтийн горимуудыг бол мэдүүлэгч өөрөө эрхийнхээ дагуу сонгоно. Сонгосон энэ горимын дагуу гаалийн байгууллага бүрдүүлэлтийг хийнэ. Иргэн хуулийн этгээдүүдийн зүгээс гаалийн байгууллагад мэдүүлж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд ямар эрх эдэлдэг вэ гэдэгт дутуу ойлгодог. тухайн иргэн, хуулийн этгээд бараа тээврийн хэрэгслээ гаальд мэдүүлэхээсээ өмнө хүсэлтээ гаргаад хэмжиж болно. Бараанаасаа дээж сорьц авах хүсэлтээ гаргаад авч болно. Мөн магадлан шинжилгээ хийлгэх, тухайн магадлан шинжилгээ нь ямар дүгнэлт гарсан эсэхтэй танилцаж болно. За эцэст нь гаалийн байгууллага албан тушаалтны гарсан шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

- Тэгвэл мэдүүлэгч хуулиар ямар үүрэг хүлээх вэ?

- Гаалийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа аливаа этгээд эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд: Нэгдүгээрт: гаалийн байгууллагад мэдүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийнхээ талаар үнэ зөв мэдээлэл өгөх. хоёрдугаарт хууль тогтоомжид заасны дагуу татвар, хураамж төлөх. Гуравдугаарт гаалийн байгууллагаас нэмэлтээр шаардсан бичиг баримтуудыг гаргаж өгөх. Дөрөвдүгээрт: гаалийн бүрдүүлэлт дууссаны дараа бараа, тээврийн хэрэгслээ шалгуулах. Шалгуулахдаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, зуучлагч байгууллагын ажилтныг байлгаж болдог эрх зүйн зохицуулалттай. Тавдугаарт: Гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тухайн бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсээс буюу баталгаат агуулах, баталгаат бүсээс гаргах эсвэл оруулах, тээврийн хэрэгслийг хөдөлгөх, бараа, тээврийн хэрэгслээ ачих, задлах үүргүүдийг тус тус хүлээнэ. Үнэ зөв мэдээллийг өгснөөс үүдэн Таны гаалийн бүрдүүлэлтийн явцын үр дүн шийдэгддэг.

- Гомдол гаргах тохиолдолд хэрхэх вэ?

- Аливаа бүрдүүлэлтийн үйл явц, шийдвэрт иргэн, хуулийн этгээд гомдол гаргах эрхтэй. гомдлыг хэрхэн гаргах вэ гэхээр тухайн бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлсэн гаалийн байцаагчийг тухайн газар, байгууллагын дарга, эрхлэгчид. Тухайн гаалийн газар, хорооны даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол дээд шатны байгууллагын албан тушаалтан, байгууллагад гомдлоо гаргана. За эцэст нь үүнийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн дэс дараалалтайгаар гомдлоо гаргах эрхтэй гэдгийг та бүхэндээ хэлж байна.