Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төсөлд олон санал гарч байна. Энэ дотор хачирхалтай нэг санал явж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь нэг удаа гэр бүлийнхээ гишүүнийг зодоод гэмтэл учруулчихвал гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэмтлийн зэрэг нь ямар байхаас үл шалтгаалж зөвхөн захиргааны хариуцлага хүлээлгэх нь байна. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нэг этгээд хохирогчийг хэвтэрт ортол нь зодоод, хөл гарыг нь хугалчихсан байхад л захиргааны хариуцлага хүлээх тухай УИХ-ын эмэгтэй гишүүн яриад сууж байх юм. Хэд хэдэн удаа нүдсэн хойно нь асуудалд хандах тухай эмэгтэй гишүүний амнаас гарч байна. УИХ-ын гишүүн Н.Оюундарь гэр бүлийн хүчирхийллийг нэг хоёр удаадаа байж болох юм гэх утга агууллагатай зохицуулалтыг хуульд оруулж өгсөн хэмээн ярьж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь
Төрд суухын тулд түмнийг уриалж, уйлж дуулан улсын жолоог атгах гэсэн эрмүүд бол эмэгтэйчүүдийн төлөөлөл. Тэд л парламентад олууллаа болчих юм бол олон хуулийн дэнсийг олж, давс хужирыг нь тааруулна гэж байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш бололтой. Эмэгтэй гишүүдийн хамгийн их дуугарч, эсэргүүцэх ёстой хуулийн төсөл бол Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль. Уг хуулийг өмнөх их хурал баталчихсан байхад хууль зүйн яам буцаан авсан. Уг буцаан авах үйл явцыг эсэргүүцэж заргалдах ёстой нь эмэгтэй гишүүд байлаа. Өмнөх парламенттай харьцуулахад тоогоо нэмэгдүүлж 13-лаа болсон ч том дугарч, асуудалд хандаж чаддаггүй нүд нь л бүлтгэнэхээс хэтэрээгүй. Харин өнөөх хууль нь ороод ирэхээр эмэгтэй хүнээс гарамгүй хатуухан санал гаргаж хуулийн төсөлд тусгаж өгөхөөр ярьж байгаад нь хүчирхийлэлтэй тэмцдэг эмэгтэйчүүд итгэж үл чадаж байгаа байхаа. Нөгөө талдаа хүчирхийллийн улмаас амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настангууд угтаа тэдэнд гоморхож суугаа биз.