Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж буй хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.10.02/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.
Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлуудын мэдээллийг танилцуулав. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
-Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалын хүрээнд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах” аяныг өрнүүлж, хоёр яамны хамтарсан хяналт шалгалт, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
-Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, сайдад танилцуулахад бэлэн болгов.
-Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ОБЕГ-аас Барилга, хот байгуулалтын Улсын албанд явуулсан үзлэгээр тус албаны бэлэн байдал “хангалттай” гэж үнэлэгдлээ.
-Азийн хөгжлийн банкны техник туслалцааны “Хөшигийн хөндийн ногоон, гамшигт тэсвэртэй шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын төсөл /ТА-10059 MON/”-ийн хүрээнд зөвлөх багтай хамтран ойлголцлын санамж бичиг байгууллаа.
-Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгах хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, олон нийтийн санал авах, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагад хүргүүлж санал авах ажлыг зохион байгуулж байна.
-Хуучны 40, 50 Мянгатын орон сууцны хорооллуудын өргөтгөл, сунгалтын байдалд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Улаанбаатар хотын гэр хорооллуудын дэд бүтцийг хөгжүүлэх, дэд төвүүдийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээнд хяналт шалгалт явуулах ажил үргэлжилж байна.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэлийг эрчимжүүлж байна.
Шуурхай хуралдаанаар мөн харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа хүрээнд мэдээлэл тавилаа.
Хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх 14 хоногт хийх ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд дэд сайд Э.Золбоо газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
-“Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ны хүрээнд зохион байгуулах сургалтад орон сууцны хороолол барьж буй аж ахуй нэгж байгууллагуудыг түлхүү хамруулж, мэдлэг мэдээллэл олгох;
-“Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгах саналыг техник туслалцааны Койка байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хүргүүлэх;
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "President” спорт цогцолборын зураг төслийг хөрөнгө оруулагч талд хүлээлгэж өгөх ажлыг эрчимжүүлэх;
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн барилгын ажлыг эрчимжүүлж, нэмэлт санхүүжилтийн асуудлыг судлах;
-"Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн хүрээнд тус хороололд Улсын цэцэрлэг, сургууль бариулах саналаа Хятадын талд яаралтай өгөх;
-Барилгын нэгдсэн мэдээллийн сан "BIM" системийг нэвтрүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээний хэрэгжилтийг эрчимжүүлэх.
Эх сурвалж: БХБЯ