Өргөө сүлжээ кинотеатрт ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ

Өргөө сүлжээ кинотеатрт ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нью тур сафарис” ХХК-ийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн “Нью тур сафарис” ХХК-ийн давамгай байдлаа ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдэлд ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгууль хүчин төгөлдөр боллоо.

“Нью тур сафарис” ХХК нь дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан Өргөө сүлжээ кино театрт төлбөртэйгээр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг ялгавартай хэмжээгээр тогтоосон, тус гэрээнд заасны дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын толорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгаж байгаа зэрэг нь тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...”, 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д зааснаар 107.528.429 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Нью тур сафарис” ХХК-ийн кино театрын зах зээлд Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг.

Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд дотоодын кино нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хамаарахгүй нөхцөл тулгасан, бусад оролцогчид ялгавартай үнэ тогтоосон зэрэг нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нью тур сафарис” ХХК-ийн гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм гэж ШӨХТГ-аас мэдээллээ.