Австри улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах талаарх анхны уулзалтыг зохион байгууллаа
Монгол Улс гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Австри Улсын Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сувилал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамтай хэлэлцээрийн анхны уулзалтыг Австри дахь Монголын Элчин Сайдын яамтай хамтран хийж, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, зарчмын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Австрийн тал хэлэлцээр байгуулах эсэх талаар дээд түвшний шийдвэр гарахаар хариу мэдэгдэхээр боллоо.
Манай улсын 2600 орчим иргэн Австри Улсад оршин сууж байгаагаас 1500 орчим нь ажил хөдөлмөр эрхэлж, Австрийн нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдан ажиллаж байна. Тэдний цаашдын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор хэлэлцээр байгуулах саналыг манай талаас тавьсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улс /хуучин нэрээр/, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш улс, Бүгд Найрамдах Турк улс, Бүгд Найрамдах Чех Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: ХНХЯ